Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрладаг “Мимо агро парк”-т ажиллаж, малын тэжээлийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөлтэй танилцлаа.
Тус үйлдвэр нь дотоодын түүхий эдэд тулгуурлан малын тэжээл, эрдэс нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд одоогоор өдөрт 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлснээр малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг чанартай тэжээлээр хангах боломж нэмэгджээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутагт хүнс, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа нь газар тариалан, мал аж ахуйн салбарын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тухайлбал, газар тариалангийн ургацыг түүхий эд болгон ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ малчдыг дотоодын чанартай тэжээлээр хангах, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.




