Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тус сумын Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгчид 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Япон Улсын Хоккайдо мужийн Бией хотод албан айлчлал хийж, хоёр талын найрамдал, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Сүхбаатар сум, Бией хотын найрамдалт харилцааг шинэ шатанд гаргаж, боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, дээрх салбаруудад харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх замаар хоёр талын харилцааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Сүхбаатар сум, Бией хотын харилцаа сүүлийн гурван жилийн хугацаанд харилцан айлчлал, уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавин, үе шаттайгаар хөгжүүлж ирсэн. Энэ удаагийн санамж бичиг нь өмнө нь тогтоосон найрамдалт харилцааг албан ёсны баримт бичгээр баталгаажуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг өргөжүүлж буйгаараа онцлог юм.
Цаашид талууд харилцаагаа бодит ажил хэрэг болгох, иргэд, хүүхэд, залуучуудад чиглэсэн солилцоо, хамтарсан үйл ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар зорьж байна.