Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ураг удмын түүх, үндэсний өв соёлоо танин мэдэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, гэр бүлийн боловсролыг дэмжих зорилгоор “Ураг удмаа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор угийн бичгийн чиглүүлэгч багш бэлтгэх сургалтыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.
Тус сургалт нь Хүүхдийн төлөө зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангах, угийн бичиг хөтлөх мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, гэр бүл, байгууллага, хамт олны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Сургалтыг “Монголын ураг удам өв соёл” холбооны Удирдах зөвлөлийн дарга, үндэсний сургагч, зөвлөх багш Ч.Жадамба удирдан явуулсан байна. Оролцогчдод угийн бичиг хөтлөхийн утга учир, ач холбогдол, ураг удмын холбоогоо танин мэдэх, өвөг дээдсийнхээ түүх, гэр бүлийн уламжлалыг баримтжуулан хадгалах талаар мэдлэг, арга зүй эзэмшүүлэхэд анхаарсан байна.
Монголчууд эртнээс ураг удмаа мэдэх, ахмад үеийнхээ сургаал, амьдралын түүхийг үр хүүхдэдээ уламжлуулах, гэр бүлийн холбоо, ёс заншлаа эрхэмлэхийг чухалчилж ирсэн уламжлалтай. Угийн бичиг нь зөвхөн өвөг дээдсийн нэрсийг жагсаан тэмдэглэх төдий бус, тухайн гэр бүлийн гарал үүсэл, удам судар, үе дамжсан түүх, зан заншил, үнэт зүйлсийг хадгалж үлдээх соёлын чухал өв юм.
Түүнчлэн ураг удмынхаа түүхийг мэдэх нь хүүхэд, залуучуудад үндэс угсаагаараа бахархах, ахмад үеэ хүндэтгэх, гэр бүлийн үнэ цэнийг ойлгох, өв соёлоо хамгаалан уламжлуулах ухамсар төлөвшихөд дэмжлэг болдог. Угийн бичгээ тогтмол хөтөлснөөр аман уламжлалаар дамжин ирсэн мэдлэг, дурсамжийг баримтжуулж, хойч үедээ өвлүүлэх боломж бүрдэх юм.
Цаашид сургалтад хамрагдсан чиглүүлэгч багш нар байгууллага, хамт олон, гэр бүлийн хүрээнд угийн бичиг хөтлөх мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлж, иргэдийг ураг удмынхаа түүхийг судлан тэмдэглэхэд чиглүүлэн ажиллах юм.
Ийнхүү угийн бичиг хөтлөх соёлыг түгээн дэлгэрүүлэх нь үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, гэр бүлийн хүмүүжил, уламжлалт үнэт зүйлсийг бэхжүүлэх, монгол хүний түүхэн ой санамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм.