Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2026-2027 оны томуугийн улиралд зорилтот бүлгийн иргэдээ улирлын томуугийн эсрэг вакцинд бүрэн хамруулжээ.
Улсын хэмжээнд энэ улиралд зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах зорилгоор 500 мянган хүн тун вакцин татан авч, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан байна.
Үүнээс Сэлэнгэ аймагт 11,090 хүн тун вакцин хуваарилжээ. Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд боловсролын байгууллагуудтай хамтран дархлаажуулалтыг зохион байгуулж, зургаан сартайгаас зургаан нас хүртэлх хүүхэд, эмч, эмнэлгийн ажилтан, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулсан байна.
Томуугийн эсрэг дархлаажуулалт нь халдварын эрсдэлийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх, ялангуяа бага насны хүүхэд, ахмад настан болон архаг хууч өвчтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн хүүхэд, багш, эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах нь сургууль, цэцэрлэг болон эрүүл мэндийн байгууллагын орчинд халдвар тархах эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлдэг байна.
Зорилтот бүлгийн иргэдээ бүрэн хамруулсан нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо, дархлаажуулалтын зохион байгуулалт, салбар хоорондын хамтын ажиллагааны үр дүн юм.