Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, түүнийг дагалдуулан өргөн мэдүүлэх бусад хуулийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэв.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, тэднийг аливаа дарамт шахалт, өс хонзон, ялгаварлан гадуурхалт, эрх зүйн байдлыг нь дордуулах үйлдлээс хамгаалахад чиглэжээ.
Тодруулбал, шүгэл үлээгч мэдээллээ баримт, эх сурвалж, шалгаж тогтоох боломжтой нөхцөлд тулгуурлан гаргасан ба тухайн үедээ үнэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол мэдээлэл гаргасных нь төлөө иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхгүй байхаар тусгасан байна. Мөн шүгэл үлээгч, түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авах зохицуулалт оруулжээ.
Нийт 26 зүйлтэй уг хуулийн төсөлд шүгэл үлээх, мэдээлэл хүлээн авах сувгууд, хамгаалалтын баталгаа, нөхөн төлбөр, урамшуулал, санхүүжилт, хариуцлагын асуудлыг тусгасан байна. Түүнчлэн хуулийн төслийг дагалдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, олон улсын авлигын индексийн үзүүлэлтээ сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид тооцжээ.