Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Уулбаян сумынхан хуучин агуулахын зориулалтаар ашиглаж байсан барилгыг засварлан, гэр бүлийн хөгжлийн цогц төв болгон тохижуулжээ.
Тус барилга 1960-аад онд ашиглалтад орсноос хойш хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн байр зэрэг олон зориулалтаар ашиглаж иржээ. Сумын удирдлага, иргэд хамтран өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан их засвар хийж, ийнхүү иргэдэд үйлчлэх шинэ байртай болгосон байна.
Тус төвд сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхдийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр хугацаагаар байрлуулж, аюулгүй байдлыг нь хамгаалах нөхцөлийг бүрдүүлжээ.
Төрийн бус байгууллагууд ч тус төвд байрлан үйл ажиллагаа явуулах боломжтой. Ингэснээр зорилтот бүлэгт чиглэсэн ажил, үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг дэмжинэ хэмээн Уулбаян сумын Засаг дарга Х.Цогтбаатар онцоллоо.
