Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Баруун-Урт сумын II цэцэрлэгийн барилгыг засварлах төсөлд 164,561 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж олгох гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд цэцэрлэгийн барилгын цонх, хаалгыг сольж, гадна хананд дулаалга хийхээс гадна аваарын гарц, шатыг шинээр барих юм. Ингэснээр хүүхэд багачууд, багш, ажилтнуудын аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, суралцах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын орчин нөхцөл сайжрах ач холбогдолтой.
Элчин сайд М.Игавахара хэлэхдээ, тус цэцэрлэгийн барилга хуучирч муудсан, өвлийн улиралд хэт хүйтэн байдаг төдийгүй аваарын гарц, шатгүй зэрэг хүүхдийн сурч, хүмүүжих орчинтой холбоотой тулгамдсан асуудал байгааг онцоллоо. Түүнчлэн энэхүү төсөл хэрэгжсэнээр Сүхбаатар аймгийн ирээдүй болсон хүүхэд багачууд тав тухтай, аюулгүй орчинд эрүүл саруул өсөж торних нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 634 дэх, Сүхбаатар аймагт хэрэгжих 16 дахь төсөл болж байна.