Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн осол 141 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс мал дайрсан осол 20 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдэж, нийт ослын 14.2 хувийг эзэлж байна.
Дээрх ослын дийлэнх нь орой, шөнийн цагаар Мөнххаан, Уулбаян сумын нутаг дахь А2001 чиглэлийн авто замд гарчээ.
Тодруулбал тус зам дагуу 52 өрхийн 16 мянга гаруй толгой мал бэлчээрлэдэг бөгөөд үүний 4000 орчим нь бод мал юм. Энэ замаар хоногт дунджаар 90 гаруй тээврийн хэрэгслээр 400 гаруй хүн зорчдог. Хяналт шалгалтаар замд 101 нүхэн эвдрэлийг шаварлаг шороогоор түр нөхсөн нь жолооч нарын аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг тогтоосон байна.
Мал дайрсан ослын улмаас жолооч эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө, малчин мал сүргээрээ хохирох эрсдэлтэй. Иймд цагдаагийн байгууллагаас А2001 чиглэлийн авто замаар шөнийн цагаар зорчихдоо хурдаа тохируулж, сонор сэрэмжтэй байхыг жолооч нарт анхаарууллаа. Харин зам дагуу мал бэлчээдэг малчдыг малаа хариулгатай байлгах, бод малдаа гэрэл ойлгогч хүзүүвч зүүхийг зөвлөжээ.