Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, марафон гүйлтийн тамирчин Б.Лхагва-Очир 2023 оноос хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн бөгөөд богино хугацаанд улсын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, спортын гараагаа ахиулж байна.
Тэрбээр 2004 онд төрсөн, Дундговь аймгийн Политехник коллежийг тогооч мэргэжлээр төгссөн бөгөөд спортын мастер А.Гантулгын удирдлага дор бэлтгэлээ базаадаг.
Б.Лхагва-Очир 2023 онд олон улсын марафон гүйлтийн таван километрийн зайд түрүүлж, анхны амжилтаа гаргажээ. Улмаар 2024 онд “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 10 километрийн зайд 13 дугаар байр, Багахангайн марафон буюу улсын аварга шалгаруулах тэмцээний ижил зайд тавдугаар байр эзэлсэн байна.
Түүний амжилт 2025 онд ахиж, Багахангайн марафон буюу улсын аварга шалгаруулах тэмцээний 10 километрийн зайд гуравдугаар байр, “Улаанбаатар марафон”-ы 10 километрийн зайд 11 дүгээр байрт шалгарчээ. Мөн Бүх ард түмний спартакиадын улсын аварга шалгаруулах тэмцээний таван километрийн зайд дөрөвдүгээр байр, “Итгэл найдвар” олон улсын тэмцээний 21 километрийн зайд есдүгээр байр эзэлж, Мандалговь марафоны таван километрийн зайд түрүүлсэн байна.
Харин 2026 онд “Итгэл найдвар боломж” олон улсын тэмцээний 10 километрийн зайд мөнгөн медаль хүртэж, “Талын нутгийн марафон” олон улсын тэмцээний 10 километр, Шөнийн марафоны 21 километрийн зайд тус бүр тавдугаар байр эзэлжээ. Түүнчлэн “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний хагас марафон буюу 21 километрийн зайд 47 дугаар байрт шалгарсан байна.
Түүний спортын амжилт, хичээл зүтгэлийг үнэлж, 2025 онд Эрдэнэдалай сумын Засаг даргын Жуух бичгээр шагнажээ. Мөн 2026 онд төгссөн сургууль болох Дундговь аймгийн Политехник коллежийн “Шилдэг сурагч”, “Спортлог сурагч”-аар шалгаруулсан байна.
Б.Лхагва-Очир цаашид Азийн болон дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монгол Улсын төрийн далбааг олон улсын тавцанд мандуулах зорилготой. Тэрбээр тэмцээн бүрээс туршлага хуримтлуулан, амжилтаараа үеийн залуусыг гүйлтийн спортоор хичээллэхэд уриалахыг хүсдэг аж.