Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТАЙБЭЙ, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /Reuters/. Хятад улс Номхон далайн баруун хэсэгт нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон тэнгисийн цэргийн бусад анги нэгтгэлүүдийг оролцуулан "агаарын ба тэнгисийн орон зайг хаах" сургуулилалт хийж байна. БНХАУ цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж буй тухай мэдээллүүд гарч буй энэ үед Тайванийн Батлан хамгаалахын сайд Веллингтон Коу мягмар гарагт буюу өнөөдөр энэ тухай мэдэгдлээ.
Ардчилсан тогтолцоотой Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Бээжин тус арлын ойролцоох агаарын болон тэнгисийн орон зайд цэргийн онгоц, байлдааны хөлөг онгоцнуудаа тогтмол илгээсээр ирсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Тайванийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жозеф Ву "X" нийгмийн сүлжээний хуудсандаа, Тайванийн ойролцоо, Өмнөд Хятадын тэнгис, Номхон далайн бүсэд Хятадын Тэнгисийн цэргийн болон Эргийн хамгаалалтын 100 гаруй хөлөг онгоц байрлаж буй тухай мэдээллийг нийтэлжээ.
Хятадын тал ямар нэгэн цэргийн сургуулилалт явуулж буйгаа албан ёсоор мэдэгдээгүй хэдий ч арлын ойролцоо тус улсын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцны тоо эрс нэмэгдсэнийг Тайванийн Батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт мөн мэдээлсэн байна.
“Хятад улс Номхон далайн баруун хэсэгт "агаарын ба тэнгисийн орон зайг хаах" тактикийн сургуулилалтыг үнэхээр явуулж байгаа, үүнд нисэх онгоц тээгч “Ляонин” хөлөг онгоцны цохилтын бүлгүүд болон тэнгисийн цэргийн бусад нэгтгэлүүд оролцож байна” гэж В.Коу парламентын ордонд сэтгүүлчдэд мэдээлжээ.
Цэргийн нэр томьёонд “A2/AD” (Anti-Access/Area Denial) гэж нэрлэдэг энэхүү стратеги нь аливаа мөргөлдөөнд гаднын цэргийн хүч оролцохоос сэргийлэх, тухайн бүс нутагт нэвтрэх болон үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарлахад чиглэдэг. Тайванийн тухайд энэ нь Хятадын тал халдсан тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд Тайбэйд тусламж үзүүлэхээр ирэх боломжийг хаах зорилготой гэсэн үг юм.
Хятадын Батлан хамгаалах яам энэ талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.
Номхон далайн баруун хэсэгт хийж буй “Ляонин” нисэх онгоц тээгчийн сургуулилалт нь задгай тэнгист хол зайд байлдааны ажиллагааны чадавхыг шалгах зорилготой жил бүрийн төлөвлөгөөт сургууль бөгөөд аль нэг улсыг чиглээгүй гэж тус яам өнгөрсөн сард мэдэгдэж байжээ.
Хятадын цэргийн сургуулилалт ирэх долоо хоногт Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын өмнө болж байна. Уг уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй дахин уулзах төлөвтэй байгаа юм. Мөн энэ сарын сүүлээр Тайваньд орон нутгийн сонгууль болно.
Тайванийн Батлан хамгаалахын сайд Хятадын цэргийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаагаа онцолжээ.
“Цэргийн сүр хүчээ үзүүлэх ийм төрлийн ажиллагаа нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах зорилготой гэж бид үзэж байна” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.
“Бид эдгээр үйл ажиллагааг тасралтгүй ажиглахын зэрэгцээ шаардлагатай хариу арга хэмжээ авахын тулд хамтарсан тагнуул, ажиглалт, мэдээлэл цуглуулах хэрэгслүүдийг ашиглахын зэрэгцээ холбоотнуудтайгаа мэдээлэл солилцоно" гэж В.Коу мэдэгджээ.
Хятад улс Тайванийг "тайван замаар нэгтгэхийг урьтал болгоно" гэж мэдэгддэг ч хяналтдаа авахын тулд хүч хэрэглэхээс хэзээ ч татгалзаж байгаагүй юм. Харин Тайванийн Засгийн газар Хятадын эрх баригчдын газар нутгийн талаарх байр суурийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд арлын ирээдүйг зөвхөн Тайванийн ард түмэн шийдэх ёстой гэж мэдэгддэг.