Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар , 2026 оны арваннэгдүгээр сарын 10/ МОНЦАМЭ/. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.
Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл илэрхийллээ.
Их цагаан тугийг Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав.
Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулиар “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байна. Төрийн есөн хөлт цагаан тугийн байршилт, интерьер, суурийн ажлын зургийг архитекторч Я.Амарсайхан, тугийг СУИС-ийн багш дархан Д.Энхдаваагийн удирдлагаар дархчууд урлан бүтээжээ. Төрийн тугийг Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотын адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урласан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.










Гэрэл зургуудыг Б.Чадраабал