Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Төр, орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг өнгөрсөн долоодугаар сард баталсан бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Дараагийн холбогдох хуулиудын шинэчлэлтэй холбоотой Засгийн газраас Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлэхдээ, “Чөлөөлье” дөрвөн тулгуурт үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчийн реформд зангилагдаж байгааг онцлов. Түүнчлэн ТӨК-ийн засаглал, хяналтыг сайжруулах, оновчтой болгох нь зүйтэй гэдэгт улс төрийн нам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, олон нийт нэгдсэн ойлголттой байгаа нь давуу тал гэдгийг тодотголоо.
Засгийн газар Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг гурван үе шаттай 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тус төсөлд ТӨК-иудын ангиллыг нарийвчлан тодорхойлж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, үйл ажиллагааг цахимжуулж, хяналт, хариуцлагыг сайжруулах зэрэг өөрчлөлт оруулжээ.

Хэлэлцүүлэгт “Төрийн өмчийн өмчлөлийн бодлогын төсөл”-ийн танилцуулгыг ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Ц.Баяр-эрдэнэ, “Үндэсний хөрөнгө оруулалтын сан ба хөрөнгө оруулалтын бодлого”-ын тухай Сангийн дэд сайд Б.Хулан, “ТӨК-иудын өмчлөлийн бодлого боловсруулах олон улсын туршлага”-ын талаар ЕСБХБ-ны зөвлөх Бачу Сорана танилцуулав. Төр, хувийн хэвшил, олон нийтийн 200 гаруй төлөөлөл оролцож, санал солилцжээ.