Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төрөлжсөн ахлах сургуулийн загвар нь боловсролын салбарт хэрэгжүүлж буй томоохон шинэчлэлийн нэг бөгөөд зөвхөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна сургалтын чанарыг шинэ шатанд гаргах ач холбогдолтойг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
Тэрбээр төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотод зарим төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагаа жигдэрч, аймаг, орон нутагт ч өөрсдийн санаачилгаар ийм сургуулиудыг байгуулан ажиллуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн “Төрөлжсөн ахлах сургуулийн загвар, концепц нь боловсролын салбарт хийж буй томоохон шинэчлэлийн нэг юм. Энэ нь зөвхөн хүртээмжийн асуудлыг шийдэх бус, боловсролын чанарыг шинэ шатанд гаргах тогтолцооны өөрчлөлт. Төрөлжсөн ахлах сургууль нь суралцагчдад ур чадвар, чадамж эзэмшүүлэхийн зэрэгцээ хөдөө, орон нутгийн шилдэг, авьяаслаг хүүхдүүдийн чадварыг нээн хөгжүүлж, тэдэнд шинэ боломж олгох чухал шийдэл болно” хэмээсэн юм.
Боловсролын яамнаас зохион байгуулж буй тус сургалт нь төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлэх чиглэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, суралцагчдын хэрэгцээ, сонирхол, цаашдын ажил, мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад сургуулийн удирдах ажилтан, оролцогч талуудын хамтын ажиллагааг чиглүүлэх зорилготой.
Энэ хичээлийн жилд нийтдээ улсын хэмжээнд 31 төрөлжсөн ахлах сургууль хичээл сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байна. Мөн орон нутагт 18 аймагт төрөлжсөн ахлах сургууль хичээл сургалтынхаа үйл ажиллагааг эхлүүлж, төрөлжсөн ахлах сургуулиудын ихэнх нь математик, байгалийн ухааны чиглэлээр хөтөлбөрөө сонгожээ.
Төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлснээр хэд хэдэн чухал үр дүн гарна гэж үзэж байна. Нэгдүгээрт, суралцагчдын хэрэгцээ, авьяас, сонирхолд тулгуурласан сургалт явуулах боломж бүрдэж, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаатай уялдуулан сонгосон хичээлээ гүнзгийрүүлэн судлах нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаарт, суралцагчид дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах академик бэлтгэлээ ахлах ангиасаа хангах, эзэмшсэн кредитээ дүйцүүлээд суралцах боломжийг нээж байна.
Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулна. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй мэргэжлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг бууруулж, тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэх юм.
