Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Чөлөөлье” хэлэлцүүлгийг энэ сарын 29-ний 09:00 цагт Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулна.
"YES Mongolia" ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулж буй уг хэлэлцүүлгээр бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүнд суртлыг бууруулах, хөдөлмөрлөж орлогоо нэмэгдүүлэх боломжийг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих асуудлыг хэлэлцэнэ.
Хэлэлцүүлгийн үеэр нийгмийн хөгжил, төрийн үйлчилгээ, бизнесийн орчинд саад учруулж буй хууль тогтоомж, дүрэм, журам болон зохион байгуулалтын хүндрэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг арилгах санал, шийдэл боловсруулна. Мөн санал, шийдлийг ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангах арга замыг хэлэлцэх юм.
Түүнчлэн Төв аймагт тулгамдаж буй асуудал, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд саад болж буй хүндрэл, хүнд суртлыг бууруулах талаар оролцогчдын санал, санаачилгыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ.
Иймд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, хандивлагч байгууллага, судалгааны хүрээлэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлэхийг зохион байгуулагчид урьж байна.