Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хустайн байгалийн цогцолборт газар Green Destinations байгууллагаас зохион байгуулдаг "Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын шилдэг 100 туршлага" /“Top 100 Stories 2026”/ олон улсын шалгаруулалтад шалгарлаа.
Энэ жил Словени улсын Крань хотод зохион байгуулсан дэлхийн чуулга уулзалтын үеэр Монгол улсаас Баянзаг болон Хустайн байгалийн цогцолборт газар шалгарсныг албан ёсоор зарлажээ.
Хустайн байгалийн цогцолборт газар нь улсын төсвийн санхүүжилтээс хамааралгүйгээр, өөрийн экотуризмын үйл ажиллагаанаас олсон орлогоор нэн ховор амьтан болох тахийг хамгаалах, экосистемийг хадгалан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.
Хустайн байгалийн цогцолборт газрын орчмын малчдын 32 бүлгийг нийт 1,700 орчим хүнийг хамарсан 7 хоршоо болгон шинэчлэн зохион байгуулсан.
Жуулчдын мэдээлэл, үйлчилгээний төвд сүү, сүүн бүтээгдэхүүн болон гар урлалын бүтээгдэхүүн борлуулахад “Борлуулалтын шимтгэл тэг хувь” байх зарчмыг нэвтрүүлснээр аялал жуулчлалаас олсон орлогыг орон нутгийн иргэдэд шууд хүртээх боломжийг бүрдүүлсэн юм.
Мөн дуу чимээний эх үүсвэр болж байсан мотоциклоор мал хариулахаас татгалзаж, уламжлалт морьтой мал маллах арга барилд эргэн шилжих, энэхүү уламжлалыг залуу үед өвлүүлэн үлдээх үйл ажиллагааг хэвшүүлсэн байна.
Нидерланд улсад төвтэй "Green Destinations" олон улсын байгууллагаас энэхүү шалгаруулалтыг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Дэлхийн улс орнуудын тогтвортой, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж буй шилдэг туршлага, амжилттай хэрэгжсэн төсөл, санаачилгуудыг шалгаруулж, олон улсад сурталчилдаг нэр хүндтэй уралдаан юм.