Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” хөдөлгөөний XХII чуулган энэ сарын 9-нд Зуунмод суманд болж, 27 сумын 400 хүүхдийн төлөөлөл оролцлоо.
Чуулганаар Монгол Улсын болон аймгийн Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаа, өмнөх XХI чуулганаас дэвшүүлсэн санал, санаачилгын хэрэгжилтийг танилцуулж, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Мөн хүүхдүүдийг зургаан бүлэгт хуваан, “Бидний санал-Бидний оролцоо” төслийн талаар хэлэлцэж, орчны аюулгүй байдал, өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдийн оролцоо, сайн дурын бүлэг, клубийн үйл ажиллагаа, үе тэнгийн дээрэлхэлт, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, орон нутгийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний сайн туршлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.
Энэ удаагийн чуулганы онцлог нь сумдын Засаг дарга, сургуулийн нийгмийн ажилтнууд хүүхдийн төлөөлөлтэй хамтран оролцож, тэдний дуу хоолой, санал санаачилгыг сонсох, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэж байгааг аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр мэдээлэв.
Аймгийн Хүүхдийн зөвлөлийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус чуулганаас гарсан санал, санаачилгыг орон нутагт ажил хэрэг болгож иржээ. Тухайлбал, охид, хөвгүүдийн хувцас солих өрөө, дотуур байрны орчин, сургуулийн тохижилт, шинэчлэлийг сайжруулах, үе тэнгийн дээрэлхэлт, дарамтаас сэргийлэх мэдээллийн самбар байрлуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг ажил хийсэн байна.
Харин энэ удаагийн чуулганаар хүүхэд, өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой нэгдсэн төв байгуулах саналыг дэвшүүлж, холбогдох байгууллагуудад уламжилжээ.

