Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт эрчимжүүлэх зорилгоор Төв аймагт зохион байгуулсан “Ногоон сэргэлт-Ногоон Төв аймаг” намрын аянаар 3260 мод, бут, сөөг тарьжээ.
Тодруулбал, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ-аас “Өв соёлын өргөө”-ний орчимд 2500 хайлаас тарьж, тухайн талбайг хашаалан хамгаалсан байна.
Мөн “Ариун бичээс” нийгэмлэг ГҮТББ-ын хамт олон “Ланс” цэцэрлэгт хүрээлэнд 100 бургас тарьжээ. Харин Зуунмод сумын ерөнхий боловсролын II сургуулийн есдүгээр ангийн таван бүлэг, 12 дугаар ангийн нэг бүлгийн сурагчид “Өв соёлын өргөө”-ний хашаалсан талбайд 216 хайлаас тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд оролцсон байна.
Түүнчлэн Зуунмод сумын ерөнхий боловсролын I, III, IV сургуулийн төгсөх ангийн сурагчид тус талбайд 324 хайлаас тарьжээ. “Ланс” цэцэрлэгт хүрээлэнд мөн 15 байгууллагын ажилтан, албан хаагч оролцож, хоёр төрлийн нийт 120 мод, бут, сөөг тарьсан байна.
Тарьсан мод, бут, сөөгийн цаашдын арчилгаа, усалгааг Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ хариуцан ажиллах бөгөөд мод, тарьц, суулгацаар Лүн сумын Ойн ангийн хамт олон үнэ төлбөргүй хангажээ.