Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Үндэсний шагайн харвааны салбар зөвлөлийн нэрэмжит намрын нээлтийн харвааг энэ сарын 26-нд зохион байгууллаа. Тус харваанд 16 багийн 128 харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлджээ.
Тэмцээний тэргүүн байрт аймгийн гоц мэргэн Б.Лувсандэндэв ахлагчтай “Шунхлай” ХХК-ийн “Хонгорын уул” баг шалгарсан бол дэд байрт аймгийн гоц мэргэн Б.Сүхбаатар ахлагчтай “Монгол туургатан” театрын баг орсон байна.
Харин гутгаар байрт аймгийн гоц мэргэн Х.Амартайван ахлагчтай “Макс групп”-ийн баг, тусгай байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Хадамдарам ахлагчтай “Идэр хорин” баг тус тус шалгарчээ.
Шагайн харваа нь монголчуудын уламжлалт соёл, ёс заншлыг хадгалан өвлүүлж, хойч үедээ уламжлуулахад чухал үүрэгтэй үндэсний спорт юм. Харваачдын уухайн уянгалаг аялгуу, харилцан хүндлэл, багийн нэгдмэл байдал нь уг спортын өвөрмөц онцлогийг илэрхийлдэг.
Аймгийн гоц мэргэн Б.Сүхбаатарын ахалдаг Төв аймгийн “Монгол туургатан” театрын залуус үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хамт олноороо шагайн харваагаар хичээллээд 10 гаруй жил болжээ.
Түүний хэлснээр, шагайн харваа нь уухайн өвөрмөц, уянгалаг аялгуугаар онцлог бөгөөд тэрхүү аялгуу нь энгийн атлаа тансаг сонсогддог байна. Мөн харваачид үзэгчдийн дэргэд харвадаг тул сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, анхаарлаа төвлөрүүлэх нь чухал байдаг аж.
