Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэж, борлуулалтаа нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Энэ сарын 5-7-нд “Спортын ордон”-д болсон тус үзэсгэлэнгээр хүнс, аж үйлдвэр, гар урлал, сав баглаа боодлын төрөлд шилдгүүдийг тодруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн болон 2025-2028 онд хөдөө аж ахуйн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна.
Үзэсгэлэнд 27 сумын үйлдвэрлэгчид өөрсдийн ур ухаан, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнээ дэлгэн, зуучлагчгүйгээр хэрэглэгчдэд шууд худалдан борлуулжээ. Түүнчлэн бусад сумын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцаж, үйлдвэрлэлийн туршлагаа хуваалцсан байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Сэргэлэн сумын “Түмэн үр” ХХК-ийн “Ишигхэн” брэнд, аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Баянхангай сумын “Дэвжих уран билэг” хоршооны оёмол бүтээгдэхүүн шалгарлаа.
Харин сав, баглаа боодлын төрөлд Батсүмбэр сумын “Мандал сүүн ундарга” хоршооны “Бэлгийн багц”, гар урлалын төрөлд Зуунмод сумын иргэн Д.Отгончулууны эпокси урлал тус тус шалгарчээ. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтаараа Борнуур сум тэргүүлсэн байна.
Мөн “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Эрдэнэ сумын өрхийн үйлдвэрлэгч Г.Бүрэнжаргал, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Баянхангай сумын өрхийн үйлдвэрлэгч С.Сарангэрэл нарыг шагналаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хүндэт жуух бичгээр Борнуур сумын ногоочин Л.Гантогоо, фермер Х.Сайнхүү, Ц.Даваадорж нарыг шагнажээ.
“Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох боломж олгодгоороо онцлог юм.

