Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка
buyka.bunduuk@gmail.com

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын санаачилсан тусгай хөтөлбөрийн хүрээнд гадаадын мэргэжлийн багш нар хичээл заах, Кембрижийн хөтөлбөрт суурилсан англи хэлний сургалтын төвийг Зуунмод суманд нээж сургалтаа эхлүүллээ.
Тус төвд 3-6 дугаар ангийн хүүхдүүдэд англи хэлний анхан шатны, 7-10 дугаар ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд анхан, дунд шатны сургалт явуулах бол 11-12 дугаар ангийн сурагчдыг IELTS, SAT шалгалтад бэлтгэх юм.
SAT нь АНУ болон бусад улсын их, дээд сургуулийн элсэлтэд ашигладаг шалгалт бөгөөд математик, унших, бичих чадварыг үнэлдэг. Харин IELTS шалгалтаар англи хэлээр ярих, сонсох, унших, бичих чадварыг дүгнэдэг. Тус төв эдгээр шалгалтын агуулга, бүтэц, стратегид тулгуурлан суралцагчдыг бэлтгэж, шалгалтын оноогоо ахиулахад нь дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр сургалтын төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэ хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын 14 сургуульд Бүгд Найрамдах Филиппин Улсын англи хэлний багш нар ажиллаж байгааг онцоллоо. Тэрбээр хоёр жилийн өмнө аймаг элсэлтийн шалгалтын үзүүлэлтээр улсын хэмжээнд сүүл мушгиж байсан тул ийм байдал дахин давтагдахаас сэргийлж тусгай хөтөлбөр санаачилснаа дурдав. Улмаар гүнзгийрүүлсэн сургалтын төв нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.