Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт 131,767 ам.долларын өртөг бүхий түргэн тусламжийн зургаан авто машин нийлүүлэх гэрээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Төв аймагт тус хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 25 төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаагийн түргэн тусламжийн авто машин нийлүүлэх төсөл нь 26 дахь нь болж байна.
Төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Алтанбулаг, Лүн, Цээл сумын эрүүл мэндийн төвүүдийг түргэн тусламжийн авто машинаар хангах юм. Ингэснээр эмнэлгийн яаралтай тусламжийг иргэдэд шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Түргэн тусламжийн авто машинуудыг хүлээлгэн өгснөөр Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг болох юм.
“Өвсний үндэс хөтөлбөр нь Төв аймагт 1994 оноос хойш хэрэгжиж байна. Хөтөлбөрөөр аймгийн нийт иргэдэд чиглэсэн боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 26 төсөл хэрэгжиж аймгийн 30 мянга гаруй иргэн шууд үр шимийг нь хүртэж байна.
Тухайлбал, Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд засварын ажил, Зуунмод сумын “Бүжинхэн” цогцолбор цэцэрлэгийн их засвар, Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн их засвар гэх мэт ажлыг хийсэн юм.