Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонсов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нэр дэвшигчийн талаар танилцууллаа. Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. 41 настай, ам бүл 4. Нэр дэвшигч 1993-2003 онд Булган аймгийн I сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, бакалаврын зэрэг эзэмшсэн. 2016-2018 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2007-2008 онд Булган аймгийн шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2009-2010 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2010 онд “Юнител” ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт гэрээний мэргэжилтнээр, 2010-2014 онд “Хаан банк” ХХК-ийн Хуулийн хэлтэст хуулийн зөвлөхөөр, 2014-2023 онд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан. Одоо 2023 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч З.Ганзориг нь төрийн албанд 14 жил, шүүгчээр 11 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 3 жил ажилласан.
Тэрбээр шүүгчид нэр дэвшигчээс авсан бичгийн шалгалтад 50.41 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 25.41 оноо, нийт 75.82 оноо авч, нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Иймд шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад эхний байрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч З.Ганзоригийг Дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг УИХ-д танилцуулж байгаа аж.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн П.Сайнзориг,
С.Эрдэнэболд, Ө.Шижир, Д.Пүрэвдаваа, О.Алтангэрэл, Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин,
Х.Баасанжаргал, С.Ганбаатар, С.Эрдэнэбат нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсэн юм. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу УИХ-д Улсын дээд
шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Монгол мэдээ
Анталья хотноо COP31 Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ