Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй хүмүүс Өмнөд Каролина мужийн Боловсролын газрын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, боловсролын салбарын удирдлагын тогтолцоотой танилцлаа.
Боловсролын яамны мэдээлснээр, тус мужийн Боловсролын газрыг олон нийтийн сонгуулиар сонгогддог суперэнтэндент удирддаг. Одоогийн байдлаар Эллен Уийвэр уг албан тушаалыг хашиж байна. Суперэнтэндент нь мужийн боловсролын бодлого, түүний хэрэгжилтэд ерөнхий хяналт тавьж, боловсролын салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.
Боловсролын газар нь 17 гишүүнтэй удирдах зөвлөлтэй. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд мужийн шүүхийн 16 тойргоос сонгосон төлөөлөл, мужийн амбан захирагчийн томилсон нэг гишүүн багтаж, гишүүд дөрвөн жилийн хугацаатай ажилладаг байна. Мөн төв, бүсийн оффисуудаараа дамжуулан нийт 800 орчим үндсэн ажилтан, мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэд сургалтын хөтөлбөр боловсруулах, багшийн мэргэжлийн бэлтгэл, сертификат олгох, тусгай боловсрол, санхүүгийн хяналт, мэдээллийн технологийн үйлчилгээ зэрэг үндсэн чиглэлээр ажилладаг. Мужийн хэмжээнд мөрдөх боловсролын суурь стандарт, шаардлагыг боловсруулж, хэрэгжилтийг нь хариуцдаг онцлогтой.
Өмнөд Каролина мужийн хэмжээнд нийт 81 сургуулийн дүүрэг үйл ажиллагаа явуулж, дүүрэг бүр өөрийн орон нутгийн удирдлага, сургуулийн зөвлөлтэй. Эдгээр дүүрэг нь тухайн орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ мужийн Боловсролын газраас тогтоосон стандарт, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.
Ийнхүү Өмнөд Каролина мужийн боловсролын тогтолцоо нь мужийн төв байгууллага бодлого, стандарт, ерөнхий хяналтыг хэрэгжүүлж, орон нутгийн сургуулийн дүүргүүд сургалтын үйл ажиллагааг бие даан зохион байгуулах зарчимд тулгуурлаж байна.
