Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын хөгжил, нийтийн дэд бүтцийг боловсронгуй болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр БНСУ-ын Жонбук мужийн Чонжү хотод үйл ажиллагаа явуулдаг UNIONCT группийн удирдлагууд Өмнөговь аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Н.Энхбат тус группийн удирдлагуудыг энэ сарын 9-нд хүлээн авч уулзан, хэрэгжүүлж буй төслүүдийн явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
UNIONCT группийн харьяа “Питчкабил” компани Даланзадгад суманд орчин үеийн технологид суурилсан ухаалаг гэрлэн дохио, нүүрстөрөгчийн шилэн халаалтын хавтангийн технологи нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Энхбат БНСУ-ын Жонбук муж, Чонжү хотын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил, хөрөнгө оруулалтаар өргөжүүлж байгаад талархал илэрхийлэв. Түүнчлэн Даланзадгад хотын хөгжлийн хэрэгцээ, онцлогт нийцсэн дэвшилтэт технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлж, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нь чухал болохыг онцолсон байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Даланзадгад хотын нийтийн дэд бүтцийг боловсронгуй болгох, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.