Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд суманд энэ сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-нд “Дэмчогийн чого буюу Эхийн ачийг хариулах өдөр” шашин, соёлын үйл ажиллагаа болно. Энэ үеэр Говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 223 жилийн ойд зориулсан “Дэмчогийн эгшиг-2026” яруу найргийн VI наадам зохион байгуулах юм.
Ханбогд сумын Засаг даргын 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/974 дүгээр захирамжаар үйл ажиллагааг зохион байгуулах баг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Хөтөлбөрийн дагуу 10 дугаар сарын 31-нд “Дэмчогийн эгшиг-2026” яруу найргийн наадам болно. 11 дүгээр сарын 1-нд Дэмчогийн хийдэд “Эхийн ачийг хариулах өдөр”, “Дэмчогийн чого” номын хурал хийх бөгөөд Дэмчог Лханжэй бурхны авшиг хүртээх ёслолын бэлтгэлийг хангана. Харин 11 дүгээр сарын 2-нд авшиг хүртээх зан үйл болох юм.
Дэмчогийн хийдийг Говийн V ноён хутагт Д.Данзанравжаа XIX зуунд Ханбогд сумын нутагт байгуулсан бөгөөд говь нутагт байгуулсан шашин, соёлын төвүүдийнх нь нэг юм. Дэмчигийн хийд, Эрээтийн хийд, Цогцолын хийдийн туурийг 2020 онд Монгол Улсын Засгийн газрын 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэжээ.
“Дэмчогийн чого” номын хурлыг уламжлан зохион байгуулах нь тус хийдийн түүх, шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэх, олон нийтэд таниулах зорилготой. Жилээс жилд өргөжин тэлж буй уг үйл ажиллагааг үзэж сонирхохоор 8-10 мянга гаруй хүн ирдэг байна.