Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-2030 онд хэрэгжүүлэх “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд таниулах сургалт, өдөрлөгийг энэ сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэд, хүүхэд, залуучуудтай уулзаж, батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Мөн аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн техник, зэвсэглэлийн үзэсгэлэн гаргаж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг, архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэв. Түүнчлэн монгол цэргийн түүх, уламжлал, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг танилцуулж, иргэд сонирхсон асуудлаараа мэдээлэл авах боломж бүрдүүлжээ.
Энэ үеэр салбартаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гавьяа байгуулсан ахмад дайчдын үр хүүхэд, гэр бүлийн төлөөлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, дайнд оролцсоныг нотлох архивын баримт бичиг, “Бид ялав” медалийг гардуулжээ.
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөн нь хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, үнэт зүйлсийг таниулах, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Энэхүү өдөрлөг нь батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, монгол цэргийн түүх, уламжлалыг сурталчлах, ахмад дайчдын гавьяаг хойч үед өвлүүлэн үлдээхэд чиглэсэн юм.






