Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд энэ намар 5900 малчин өрхийн 2.2 сая толгой мал намаржиж байгаа ч бэлчээрийн ургац харилцан адилгүй, нийт бэлчээрийн дөрөвний нэг нь муу үнэлгээтэй байна.
Тодруулбал, аймгийн нийт бэлчээрийн 15 хувь нь өвс ургамал сайтай, 60 хувь нь дунд зэрэг, 25 хувь нь муу ургацтай гэж үнэлжээ.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 89.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт малын 70 хувь нь тарга хүч авсан байна.
Бэлчээрийн ургац тааруу байгаа нь мал сүргийг өвөл, хаврын улиралд онд мэнд оруулах бэлтгэлийг сайтар хангах, малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах шаардлага үүсгэжээ.
Өмнөговь аймгийн 85 мянган иргэний жилийн махны хэрэглээг хангахад ойролцоогоор 250 мянган толгой мал шаардлагатай байдаг бол энэ жил 500 гаруй мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ нь бэлчээрийн ачааллыг бууруулахын зэрэгцээ малчдад малаа зах зээлд борлуулах боломж олгох ач холбогдолтой юм.
Мөн Өмнөговь аймгийн 63 мянган толгой мал Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн нутагт отроор өвөлжихөөр нүүжээ. Отор нүүдлээр дамжуулан бэлчээрийн ачааллыг зохицуулахын зэрэгцээ малын ус, тэжээлийн хангамж, отрын нутгийн бэлчээр ашиглалт, зохицуулалтад анхаарах шаардлагатай байна.
Иймд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын тарга хүчийг хадгалах, отор нүүдлийг зохицуулах, малыг зах зээлд нийлүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах нь аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай давахад чухал ач холбогдолтой юм.