Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт нисэх буудал, эрчим хүч, дулаан хангамж, боловсрол, инженерийн дэд бүтцийг сайжруулах хэд хэдэн төсөлд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
Тус сангийн Удирдах зөвлөлийн хурлаар аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийг хэлэлцэж, санхүүжилтийг баталсан байна.
Дэд бүтцийн салбарт “Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нислэг хүлээн авах боломжтой болгох өргөтгөл, шинэчлэлийн ажилд нийт 8.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөснөөс 2026 онд 1.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ.
Мөн Дулааны цахилгаан станцын гуравдугаар зуухны их засварт 833.7 сая, ДДТ-4-ийн засвар, өргөтгөлд 248.5 сая, дулааны цахилгаан станц болон Дулаан хангамжийн газрын шугам сүлжээний тохируулгын ажилд 195 сая төгрөг олгоно.
Түүнчлэн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын 60 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг байгуулахад 1.49 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Үүнээс гадна Манлай сумын цэвэрлэх байгууламж, авто замын зураг төсөл боловсруулах, Даланзадгад суманд шинээр барих сургууль, цэцэрлэг болон ашиглалтад байгаа цэцэрлэгүүдийн засвар, хүчитгэлийн зураг төсөл гаргах ажлыг санхүүжүүлнэ.
Боловсролын байгууллагын орчин, хүүхдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах чиглэлээр Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж худалдан авахад 332 сая, Баяндалай сумын ерөнхий боловсролын сургуулийн гадна засвар, тохижилтын ажилд 981.8 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Мөн Даланзадгад суманд гэрлэн дохио угсрах ажилд 247.4 сая төгрөг зарцуулна.
Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн нисэх буудал, эрчим хүч, дулаан хангамж болон инженерийн дэд бүтцийн хүртээмж, хүчин чадал нэмэгдэж, боловсролын байгууллагын орчин, хүүхдийн сурч боловсрох нөхцөл, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах юм.