Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 74,3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хуваарилж, авто зам, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээр бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ирэх онд шинээр эхлүүлэх болон өмнөх жилүүдэд эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлэн дуусгахаар төлөвлөсөн байна.
Авто замын салбарт Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замд их засвар хийхэд 32,9 тэрбум, Булган-Даланзадгад чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхэд хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ.
Аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээр Булган суманд “Их говийн эко хүрээлэн” цогцолбор байгуулахад 2,49 тэрбум, Мандал-Овоо сум, Улаан нуур чиглэлд хэрэгжүүлэх Онги-Цагаан бургастай төсөлд 17,1 тэрбум төгрөг хуваарилсан байна.
Боловсролын салбарт Даланзадгад суманд 200, Мандал-Овоо суманд 150 ортой цэцэрлэгийн шинэ барилга барихад тус бүр 2,69 тэрбум, 2,19 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэжээ.
Мөн Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилгад 2,19 тэрбум, Гурвантэс сум дахь Хилийн цэргийн 0166 дугаар ангийн салбарын барилгын их засварт 903,2 сая төгрөг төсөвлөсөн байна.
Харин өмнөх жилүүдэд эхэлсэн дараах төслүүдийг 2027 онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Цогтцэций сумын 960 суудалтай сургуулийн барилгын ажлыг дуусгахад 4,45 тэрбум, Даланзадгад сумын “Буянт хотхон” хүүхдийн зуслангийн 250 ортой өвлийн байрны барилгад 3,37 тэрбум төгрөг хуваарилсан байна. Түүнчлэн Цогт-Овоо сумын 320 суудалтай сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилтэд 117,8 сая төгрөг тусгажээ.

Байгаль орчны чиглэлээр Баяндалай суманд олон аймаг, сум дамнан хэрэгжүүлэх хөв цөөрөм байгуулах ажилд 1,81 тэрбум төгрөг шийдвэрлэсэн байна.
Төрийн үйлчилгээний барилга байгууламжийн хувьд Даланзадгад суманд баригдаж буй аймгийн Шүүхийн барилгыг дуусгахад 1,24 тэрбум, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилгын үлдэгдэл санхүүжилтэд 729,6 сая төгрөг төсөвлөжээ.
Эдгээр хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжсэнээр аймгийн авто замын сүлжээ, аялал жуулчлалын дэд бүтэц, усны нөөц, байгаль орчны хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Орон нутгийн мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ: Хилэнтийн гүүрээс Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил бүрэн дууслаа