Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” сэдэвт үндэсний форум өнөөдөр Даланзадгад суманд болж байна.
Форумд Өмнөговь аймгийн Байгаль орчин, Эрүүл мэндийн газрын төлөөлөл оролцож, өрхийн нүүрсний хэрэглээг бууруулах, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого, шийдлийн талаар хэлэлцэж байна.
Тус форумыг энэ сарын 3-4-нд Улаанбаатар хотод эхлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж.
Форумын хүрээнд Монгол Улсад өрхийн хэрэглээнд нүүрс ашиглахаас 2027-2040 онд үе шаттай татгалзах замын зураглалыг боловсруулах ажлыг эхлүүлж, цэвэр түлш, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх урт хугацааны зорилт, бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн арга замыг тодорхойлоход чиглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Монгол Улсад 2021 онд гадаад болон өрхийн дотоод орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөлөл 2,895 нас баралтын тохиолдолтой холбоотой байжээ. Мөн цэвэр түлш, технологийн хүртээмж хот, хөдөөгийн хооронд харилцан адилгүй байгаа бөгөөд хотын хүн амын 76 хувь, хөдөөгийн хүн амын 22 хувь нь хоол хүнс бэлтгэхдээ цэвэр түлш, технологи ашиглаж буй тооцоо гарсан байна.
Өмнөговь аймгийн хувьд эрс тэс уур амьсгал, өвлийн улирлын халаалтын өндөр хэрэгцээг харгалзан эрчим хүчний найдвартай эх үүсвэр, дэд бүтцийн боломж, өрхийн санхүүгийн нөхцөлд тохирсон шийдэл боловсруулах шаардлагатай юм.
Аймгийн холбогдох байгууллагуудын төлөөлөл форумд оролцсоноор орон нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагыг үндэсний бодлого, төлөвлөлтөд тусгах боломж бүрдэж байна.
Форумын үр дүнд өрхийн нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах үндэсний замын зураглал боловсруулж, эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.

ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
БАЯНХОНГОР
БАЯНХОНГОР: "Эрх тэгш" сэдэвт сургалт, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
Видео мэдээнүүд
ӨМНӨГОВЬ: Бүтээлч өсөлт-2026 говийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган уулзалт, үзэсгэлэн худалдаа боллоо