Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын Хэвлэлийн хүрээлэн Европын Холбооны санхүүжилтээр Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэлтэй хамтран “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй.
Уг төслийн хүрээнд зохион байгуулсан Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын VI форум Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо. Тус форумаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн нөхцөл байдал, мэдээллийн суурь боловсролын өнөөгийн түвшин, тулгамдаж буй сорилт, цаашдын бодлого, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх тухайд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр УИХ-ын Хүний хөгжил, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Х.Баасанжаргал “Монгол Улсын цахим шилжилт ба хэвлэл мэдээллийн боловсрол” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол “Фэйсбүүк ноёрхсон мэдээллийн орчин дахь мэдээлэл нягтлан шалгах зан үйл, мэдээллийн манипуляц”, “Хиймэл оюуны эрин үе дэх мэдээллийн боловсрол”, “Мэдээллийг хүлээн авах, дамжуулах зан төлөв: Нийгэм-соёлын онцлог”, “ Хүүхдийн цахим ертөнц ба эцэг эхийн оролцоо: Хориглох уу, хамтдаа суралцах уу” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг болов.
Тус үеэр оролцогчид “Хуваалцахаасаа өмнө бод”, “Гарчгийг бус агуулгыг унш”, “Эх сурвалжаа шалга”, “Бусад эх сурвалжтай харьцуул”, “Баримтад тулгуурла” зэрэг хэд хэдэн агуулгыг тодотгож байсан ба тэдгээрийг тодотгосноор “Үнэн бодит мэдээлэлд хүрнэ. Энэ нь ардчиллыг бэхжүүлж буй үйл хэрэгт оруулж байгаа таны хувь нэмэр юм” хэмээн онцолж байв. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд дээрх хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, манай иргэдийн дийлэнх олонх нь фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч бөгөөд тус платформын суурин төлөөлөгч Монголд суурьшсан тохиолдолд хууль бус үйлдлүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулахад илүү амар, үр дүнтэй байх болно гэдгийг хэллээ.
Сонгогчдын боловсролын төвийн захирал С.Оюунтуяа, “Ардчиллын үнэт зүйлсийн нэг бол сонгууль. Өнөө цагт сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн сүлжээг ашиглах нь ихээхэн нөлөөтэй бөгөөд түгээмэл хандлага юм. Гэтэл сонгуулийн сурталчилгааны хугацаа хуулиараа богино. Энэ цаг хугацаанд сонгогчид мэдээллийг нягтлах боломж хомс. Нөгөөтээгүүр фэйсбүүк дэх бүх мэдээлэл худал гэж хэлж болохгүй. Тэгвэл сонгогчид хэрхэн мэдээлэлтэйгээр сонгуульд оролцох вэ гэсэн асуудал хөндөгдөнө. Тэгэхээр иргэд хангалттай, зүй ёстэй мэдээлэлтэй байхаас хамаарч, сонгуулийн дүнд нөлөө эерэг үзүүлэх болно” гэлээ.
Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах, “Дэлхий даяар энэ сарыг дуустал Хэвлэл мэдээллийн суурь боловсролын 7 хоногийг тэмдэглэж байна. Улс орнууд энэ 7 хоногт хэвлэл мэдээллийн боловсролын ач холбогдлыг онцолж, тулгамдаж буй асуудлаа ярилцах, шийдэлд хүрэх, оролцогч талуудын хооронд яриа хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг ажлыг өрнүүлж байна. Монгол Улс 2009 оноос хойш хэвлэл мэдээллийн суурь боловсрол яагаад чухал вэ гэсэн асуудлыг өрнүүлж ирсэн. 2020 онд хэвлэл мэдээллийн боловсролын үндэсний сүлжээг байгуулсан. Тэр цагаас хойш жил бүр оролцогч талуудын үндэсний форумыг зохион байгуулж буй. Өнөөдрийн форумын нэг гол ажил бол үндэсний хэмжээний хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний портал medialab.mn сайтыг нээж байгаа явдал юм” хэмээв.
Форумын төгсгөлд “Хэвлэл мэдээллийн боловсрол: Бодлого, сорилт, зөвлөмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх тухай зөвлөмж гаргалаа.


