Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улс өрхийн түвшинд цэвэр, аюулгүй, найдвартай, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг зохион байгуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх тус форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөл, төрийн болон орон нутгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир үг хэлэхдээ “Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг зөвхөн түлш солих, яндангийн тоог цөөлөх хүрээнд авч үзэж болохгүй. Үүнийг хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, барилгын дулаан алдагдал зэрэг олон салбарын бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатай. Засгийн газраас 2040 он гэхэд нийслэл хотод хатуу түлшний хэрэглээнээс бүрэн татгалзах зорилтын хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөг 15 яам, холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, 64 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бодлогын дараагийн томоохон шилжилт бол дулаан хангамжийн эх үүсвэрийг төрөлжүүлж, айл өрх, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан болон хийн халаалтад үе шаттай шилжүүлэх явдал юм. Түүнчлэн Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулж, нийслэлээс гадна аймгуудын хот, суурин газрын түлшний хэрэглээнд шинэчлэл хийхээр зорьж байна. Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан тээвэр, эрчим хүчний хэмнэлтийг дэмжиж, ногоон санхүүжилтийн тогтолцоог өргөжүүлэх шаардлагатай. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвөөс хамааралтай байлгахгүйгээр хувийн хэвшил, олон улсын санхүүжилт, карбон зах зээлийн боломжийг ашиглах нь чухал. Бидний зорилго бол агаарын бохирдлын өнөөдрийн түвшинг бууруулаад зогсохгүй, бохирдол дахин үүсэх нөхцөлийг бүрдүүлж буй суурь шалтгааныг арилгаж, урт хугацаанд тогтвортой ажиллах бодлогын тогтолцоог бий болгох явдал юм” хэмээн ярилаа.

Харин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Агаарын бохирдол нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүн амын эрүүл мэнд, хүүхдийн өсөлт хөгжил, иргэдийн амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Өрхийн нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах шилжилтийг зөвхөн түлш солих замаар хязгаарлах боломжгүй. Сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах, өрхийн төлбөрийн чадварт нийцсэн дэмжлэгийн механизмыг бүрдүүлэх шаардлагатай. Энэ асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууц, нийгмийн хамгаалал зэрэг бүх салбарын бодлого, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны уялдаа холбоог шаардсан үндэсний хэмжээний зорилт юм. Эрүүл мэндийн салбар хүрээлэн буй орчны бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах, хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжийг тодорхойлох, орчны эрүүл мэндийн тандалтыг хөгжүүлэх, агаарын бохирдолд өртөмтгий бүлгийн хүн амыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна” гэв.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсад айл өрхийн түвшинд цэвэр түлшинд шилжих үйл явцыг эрчимжүүлэх уриалга дэвшүүлж, оролцогч талууд хамтын зорилго, үүрэг амлалтаа бататгалаа. Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Иймд эхний ээлжид эдгээр өрхийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөлөө. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины утаа эзэлдэг. Иймд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 80 ногоон өртөө байгуулахаар ажиллаж байна. Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвд инженерийн дэд бүтцийг бүрдүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж байна. Нийслэлийн 26 байршил, 83 хэсэгчилсэн талбайд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий цогц орчныг бий болгох юм. Ингэснээр 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” хэмээлээ.
ДЭМБ-ын 2026 оны тооцооллоор Монгол Улсад гадаад болон өрхийн дотоод орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөлөл 2895 нас баралтын тохиолдолд нөлөөлжээ. Үүнд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс хамгийн их өртөж байгаа нь Эрүүл мэндийн яамны судалгаагаар баталжээ. Статистик мэдээллээр 2024 онд улсын хэмжээнд 10 мянган хүн амд ногдох амьсгалын тогтолцооны өвчлөл 1848.9, зүрх судасны тогтолцооны өвчлөл 1340.9 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 198.7 тохиолдлоор нэмэгдсэн аж. Мөн ДЭМБ-ын Өрхийн эрчим хүчний түргэвчилсэн үнэлгээгээр Монгол Улсын хүн амын 59 хувь нь хоол хүнс бэлтгэхдээ цэвэр түлш, технологи ашиглаж байгаа бөгөөд хотод 76 хувь, хөдөөд 22 хувь байна.


