Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Увс аймаг усны нөөцөөр баялаг бөгөөд нийт 121 нуур, 183 гол горхи, 493 булаг, 16 рашаантай. Усан сан бүхий газар нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувийг эзэлдэг.
Аймгийн томоохон нууруудад Увс, Хяргас, Үүрэг, Ачит, Хар-Ус, Дөрөө, Шаазгай, Баян, Бага, Олон нуур багтдаг.
Тэдгээрээс Увс нуур нь Монголын хамгийн том талбайтай нуур бөгөөд Их нууруудын хотгорын хойд хэсэгт, аймгийн зүүн хойд талд оршдог. Тус нуур 84 км урт, 79 км өргөн, 3350 ам дөрвөлжин км талбайтай. Гадагш урсгалгүй, давсархаг устай бөгөөд усны давсны агууламж далайн усныхаас тав дахин их. Нуурын гүн зарим хэсэгтээ 29 метр хүрдэг.
Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг 38 гол, горхи цутгадаг. Эрэг орчмоор хужир, давс элбэгтэйгээс гадна зэгс, дэрс, бут сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ургамал ургана. Мөн хун, цаст дэглий, халбаган хошуут, ногтруу, галуу, шар алаг нугас зэрэг нүүдлийн шувуудын амьдрах таатай орчин болдог. Увс нуурын сав газарт 362 зүйлийн шувуу, 72 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгджээ.

Ханхөхийн нуруу Их нууруудын хотгор руу түрж орсон байршилтай бөгөөд Увс, Хяргас нуурын хотгорыг заагладаг. Тус нуруу нь цөл, хээрийн бүсийн тэлэлтийг хязгаарлаж, экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй.
Хяргас нуурын хойд хэсэг зөөлөн, элсэрхэг эрэгтэй бол өмнөд хэсэг нь чулуурхаг, чулуун аралтай. Тус нуурт Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас амьдардаг.
Увс аймгийн гол, горхиудын ихэнх нь Ханхөхий, Хархираа, Түргэн, Тагнын нуруунаас эх авдаг. Үүнд Хархираа, Түргэн, Торхилог, Живэрт, Тэс, Нарийн, Сагил, Боршоо, Ирэг, Шивэр, Намир, Хангилцаг, Завхан, Баруунтуруун, Зүүнтуруун, Хөндлөн, Ямаат, Их, Бага Хөсөрлөгийн гол багтана.