Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Увс, Ховд аймгийн нутгийг дамнан оршдог төрийн тахилгат Алтан Хөхий уул нь газар зүйн өвөрмөц тогтоц, байгалийн олон янзын экосистем, ховор амьтан, ургамлын баялагаараа онцлог Монгол Алтайн томоохон нуруудын нэг юм. Нийт 90,735 га талбайг хамрах тус уул Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд аймгийн Мянгад сумын нутагт оршдог.
Алтан Хөхий уул далайн түвшнээс дээш дунджаар 2500-3000 метр өндөрт өргөгдсөн бөгөөд хамгийн өндөр оргил болох Өндөр Хөхий 3350 метр. Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгорын заагт, цөлөрхөг хээр, цөлийн бүстэй залгаа оршдог тул өндөр уулсаас эхлээд нам уулс, тал хөндий, нуга, цөлийн бүс хүртэл байгалийн олон янзын тогтоцтой.
Энд өндөр уул, бэсрэг уулс, ухаа гүвээт тал, толгод, тэгш дэнж, хотос хөндий, сайр хавцал, гүн жалга зэрэг газрын гадаргын олон янзын тогтоц бий. Мөн уулын хээр, уулын нуга, хээржүү цөл, татмын нуга, шугуй, бөөрөг элс зэрэг байгалийн ялгаатай бүсүүдтэй. Энэ бүхнээс шалтгаалан ургамал, амьтны олон төрөл зүйл ургаж, нутагших боломжтой байдаг.
Алтан Хөхий уул нь байгалийн баялгаас гадна олон зуун жилийн түүх, уламжлалтай. Нутгийн ард иргэд 1761 оноос эхлэн тус уулыг уламжлал болгон тахиж ирсэн бөгөөд 2005 онд төрийн тахилгат уул болгожээ.
Байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор 2010 онд Алтан Хөхий уулыг улсын тусгай хамгаалалтад байгалийн нөөц газрын ангиллаар авсан байна. Улмаар 2020 онд Ховд аймгийн Мянгад сумын нутгийн зарим хэсгийг нэмж хамруулан тусгай хамгаалалттай газрын хил хязгаарыг өргөтгөжээ.
Тус уул болон түүний ойр орчмын нутагт цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг ховор амьтан байдаг. Мөн идлэг шонхор, ямаан сүүлт нугас, борцгор хотон, жороо тоодог зэрэг шувуу, Азийн шар минж, хадны суусар, зэгсний гахай, алтайн хойлог, гургуул, хулан жороо зэрэг ховор амьтан, шувууд бий.
Ургамлын аймгийн хувьд мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна жамьянмядаг, вансэмбэрүү, алтан гагнуур, гишүү балчиргана зэрэг ховор ургамал ургадаг байна.
