Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Увс аймгийн урлаг, соёлын байгууллагууд хамтран “Соёлын бүтээлч сар” аяны нээлтийг энэ сарын 4-нд “Ойрад” хөгжимт жүжгийн театрт зохион байгууллаа.
Энэ жилийн аяны нээлтийг “Монгол хөөмий-Монгол бахархал” сэдвийн дор зохион байгуулж, Увс нутгаас төрөн гарсан хөөмийчид, тэдний өв соёл, уран бүтээлийг олон нийтэд сурталчилсан нь онцлог байв.
Нээлтийн үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин, хөөмийч Э.Тойвгоогийн гэр бүлд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас хүндэтгэл илэрхийллээ.
Мөн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын өвөл цагийн 54 дэх уран бүтээлийн нээлтэд зориулан “Уул усны диваажин” хүндэтгэлийн тоглолтыг толилууллаа.
Үүний зэрэгцээ аймгийн музейгээс Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал болон төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнх нарын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм. Харин аймгийн Нийтийн номын сангаас ардын аман зохиолын болон шинэ номын үзэсгэлэн дэлгэж, иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэв.
“Соёлын бүтээлч сар” аяны нээлтийг давхардсан тоогоор 1000 гаруй иргэн үзэж сонирхсон байна.



