Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Байгаль орчны газраас санаачлан зохион байгуулдаг "Эко солилцоо" үйл ажиллагаа энэ сарын 28-ны өдөр Улаангом сумын Арваннэгдүгээр багийн төвд боллоо.
Энэ үеэр иргэд өөрт хэрэгдэгдэхгүй байгаа эд зүйлс, хувцас хэрэглэлээ бусдад өгөхөөс гадна өөртөө хэрэгтэй зүйлсээ авах боломжтой байдгаараа онцлогтой. Энэ удаагийн үйл ажиллагаанд 50 гаруй өрхийн 80 орчим иргэн оролцож, өөрт хэрэгцээтэй зүйлсээ авч, эко сонголт хийсэн байна. Мөн 60 гаруй иргэн өөртөө хэрэглэхгүй эд зүйлсээ хүргэж өгсөн бөгөөд ихэнх нь хувцас байжээ.
Аймгийн ЗДТГ-аас өнгөрсөн намар зохион байгуулсан шинэ санааны уралдаанд аймгийн Байгаль орчны газрын “Ногоон сэлгээ” төсөл шийдлийн шилдэг санаагаар шалгарсан юм.
Тус төслийн багийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийн гэртээ хэрэглэхгүй болсон эд зүйлсийг хогийн цэгт хүргэхийн оронд хэрэгтэй хүнд нь хүргэх зорилготой “Эко солилцоо” үйл ажиллагааг өнгөрсөн хавар зохион байгуулж, 250 гаруй иргэнд 1200 гаруй хувцас, эд зүйлсийг олгосон юм.
“Эко солилцоо” үйл ажиллагаа нь хог хаягдлыг бууруулах, хэн нэгэнд илүү байгаа эд зүйлсийг хэрэгтэй хүнд нь хүргэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, бусдад харамгүй туслах гэх мэт олон давуу талтай ажээ. Мөн үеэр иргэд хандив тусламж үзүүлэх, өөрт хэрэгтэй зүйлсээ худалдан авах боломжтой байв. Эндээс орсон орлого нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймагт мод тарих ажилд зарцуулагдах ажээ.