Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Увс аймгийн “Онцгой хүү” даамын холбооны тамирчид БНХАУ-ын Шинтай хотод болсон 100 буудалт даамын ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тус холбооны 10 тамирчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөнөөс спортын мастер Цэдэвсүрэнгийн Шинэбаян 14-16 насны хөвгүүдийн үндсэн төрөлд түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр энэ амжилтаараа Дэлхийн даамын холбооны мастер цолын болзол хангасан байна.
Мөн спортын мастер Батбаярын Маргад-Эрдэнэ 11-13 насны хөвгүүдийн үндсэн төрөлд тэргүүлж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэнээр Дэлхийн даамын холбооны дэд мастер цолын болзол хангажээ.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Батмөнхийн Сансармаа энэ удаа 14-16 насны охидын ангилалд үндсэн болон блиц төрөлд мөнгөн медаль, рапид төрөлд хүрэл медаль хүртэж, амжилтаа бататгав.
Тамирчдыг Дэлхийн даамын холбооны мастер Ц.Улаанхүү, спортын мастер Ж.Цэгмэд, спортын дэд мастер Т.Батбаяр, Б.Мөнх-Очир нар дасгалжуулан бэлтгэжээ. Тэмцээнд оролцох хүүхдүүдийг Увс аймгийн ЗДТГ, Улаангом сумын ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургуулийн удирдлага, хамт олон болон эцэг эхчүүд нь дэмжин ажилласан байна.
Энэ амралтын өдрүүдэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид үндсэн, рапид, блиц төрөлд багийн дүнгээр тэргүүлжээ.
