Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Японы Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгийн барилгыг засварлах төслийн 164561 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Элчин сайд М.Игавахара, “2025 оны нэгдүгээр сард энэхүү танхимд “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийг засварлах төслийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Харин өнөөдөр дараагийн шинэ төсөл болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгийн барилгыг засварлах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Баруун-Урт сумын хоёрдугаар цэцэрлэг нь орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт олон жилийн турш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага юм. Гэвч уг барилгыг удаан ашигласан, өвлийн улиралд хэт хүйтэн, мөн аваарын шатгүй зэрэг асуудал нь хүүхэд багачуудын аюулгүй орчинд сурч, хүмүүжих нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Иймд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд аваарын шатыг шинээр барьж байгуулахын зэрэгцээ цонх, хаалгыг шинэчлэх, барилгын гадна фасадын засварын ажлыг гүйцэтгэнэ. Төслийг хэрэгжүүлснээр хүүхэд багачууд аюулгүй, дулаан, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд сурч, хүмүүжин, эрүүл энх өсөн торних нөхцөл бүрдэхээс гадна багш, ажилтнуудын ажиллах орчин сайжирч, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны чанар, үр өгөөж дээшилнэ гэдэгт итгэлтэй байна. “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн төсөл нь Сүхбаатар аймагт хэрэгжиж буй 16 дахь нь болж байна. Харин улсын хэмжээнд нийт 2634 дэх төсөл. Энэ удаагийн төслийг боловсролын салбарт, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа юм” хэмээн ярилаа.

Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлэхдээ, “Манай аймагт 1998 оноос “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, усан хангамжийн салбарын 16 багц төслийг 10 суманд амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр төслийн үр шимийг өнөөдрийг хүртэл хүүхэд, залуучууд, ахмад настан гээд олон мянган иргэн хүртсээр байгаа юм. Энэ хугацаанд боловсрол, эрүүл мэнд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар шинээр гарын үсэг зурсан төслийг оролцуулан Японы ард түмний дэмжлэгтэй нийт 16 төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, боловсролын салбарт 11, эрүүл мэндийн салбарт дөрөв, усан хангамжийн чиглэлээр нэг төсөл хэрэгжүүлж, нийт зургаан тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Баруун-Урт сумын хоёрдугаар цэцэрлэг нь 1980-аад онд ашиглалтад орсон бөгөөд барилга байгууламж нь хуучирч, дээврээс ус гоожих зэрэг хүндрэл үүссэн байв. Энэ нь тус цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлд сөргөөр нөлөөлж байсан тул аймаг, орон нутгийн зүгээс “Өвсний үндэс” төслийн хүрээнд Япон Улсын Элчин сайдын яаманд хүсэлт тавьж, хамтран засварлахаар болсон юм. Засварын ажлын хүрээнд орон нутгийн зүгээс эхний шатны хөрөнгө оруулалтыг хийж, цэцэрлэгийн дээврийн засварыг гүйцэтгэснээр одоогоор ус гоожих асуудлыг шийдвэрлэлээ. Харин төслийн санхүүжилтээр анги танхимын тохижилт, дотоод засвар болон барилгын аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангасан аваарын шат гаргах зэрэг ажлыг хийнэ. Одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Барилгын үндсэн засварын зураг төсөл, төсөв бүрэн боловсруулагдаж, холбогдох экспертизээр баталгаажжээ. Ирэх онд аймгийн хэмжээнд тендер зарлаж, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсны дараа засварын ажлыг бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна” гэв.
Баруун-Урт сумын хоёрдугаар цэцэрлэг 30 гаруй багш, ажилтантай бөгөөд 100 орчим хүүхэд хүлээн авч, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг аж. Тус цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулснаар зөвхөн хүүхдүүд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан 500-600 орчим иргэний амьдралд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж холбогдох хүмүүс үзэж байна.
Японы Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ нь Монгол Улсад хэрэгжиж буй 634, Сүхбаатар аймаг дахь 16 дахь төсөл юм. “Өвсний үндэс” нь Японы Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны хөтөлбөр юм.


