Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээг өргөтгөж, шинэчлэх төслийн 2026 оны үндсэн угсралтын ажил бүрэн дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.
Тус ажлыг “Энерго Сервис Монтаж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2025-2027 онд улсын төсвөөс нийт 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн багц ажлыг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай байна.
Төслийн эхний жил буюу 2025 онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ус, дулаан дамжуулах төв байгуулж, 2714 метр шугам сүлжээг өргөтгөн шинэчилжээ.
Харин энэ онд 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2400 цэгт ухалт, угсралтын ажил хийж, 41 худаг шинээр байгуулсан байна. Ирэх онд улсын төсвөөс 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, үлдсэн ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Төслийн үр дүнд нийт 11 ус, дулаан дамжуулах төвд таван хос шугам угсарч, ашиглалтад оруулах юм.
Арвайхээр суманд 30 Гкал/цагийн хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани ажлаа бүрэн гүйцэтгэлгүй орхисноор барилгын ажил 46 хувийн гүйцэтгэлтэй зогссон юм. Иймд дахин сонгон шалгаруулалт зарлаж, дотоодын компаниудтай багцлан гэрээ байгуулснаар барилгын ажлыг үргэлжлүүлж байна.