Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа Ватиканы Апостолын архивын тэргүүн Паоло Виан, Ватиканы Апостолын номын сангийн тэргүүн Мауро Мантовани нартай энэ сарын 26-нд Ватикан хотноо уулзав.
Хүлээн авсан баримт бичигт Монголын Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентийд илгээсэн захидал, Ромын Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд, Ромын Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал, Ил хаант улсын Абага, Аргун хаад болон тэдний гэр бүлийн гишүүдтэй харилцсан захидал бичгүүд, Байжу ноёнд хаягласан болон түүнээс илгээсэн захидал, Монголын нутагт илгээсэн шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгавар, зөвшөөрөл зэрэг баримт бичиг багтаж буй. Эдгээр нь Монголын эзэнт гүрний гадаад бодлого, дипломат харилцаа, төрийн эрх мэдэл, шашин, соёлын харилцаа болон XIII-XIV зууны Евроазийн түүхийг анхдагч эх сурвалжид тулгуурлан судлахад нэн ач холбогдолтой, ховор эх сурвалж бичиг юм.
Түүнчлэн уулзалтын үеэр Ватиканы Апостолын номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол хэл, бичиг, түүх, соёлын өвд холбогдох бусад ховор эх сурвалж, тухайлбал, хятад-монгол болон төвөд-монгол хэлний модон барын толь бичиг, монгол бичгийн гар бичмэл, шашны сургаал, номлолын орчуулга, монгол болон халимаг хэлээр хэвлэгдсэн ховор ном судрыг цаашид хамтран судлах, бүртгэл мэдээллийг нарийвчлан тогтоох, цахимжуулах, хуулбарлан авах, эх бичвэрийг орчуулж тайлбарлах, эрдэм шинжилгээний бүтээл, эх сурвалжийн эмхэтгэл, цахим мэдээллийн сан хэлбэрээр судалгааны эргэлтэд оруулах боломжийн талаар санал солилцов.
Мөн Монгол, Ватиканы эрдэмтэн судлаачид, архив, номын сангийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх замаар дэлхийн архив, номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын түүхийн үнэт эх сурвалжуудыг илрүүлж, судалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов.
Эл үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны арванхоёрдугаар сарын 4-нд Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Чингис хаан Үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд түүхэн эх сурвалжуудыг хамтран судлах, баримтат өвийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судлаач, мэргэжилтэн солилцоог өргөжүүлэх чиглэлээр хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгож буй бодит үр дүн юм гэж ГХЯ-наас мэдээллээ.


БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Улс төр
Индонезын дэд ерөнхийлөгч боловсролын гэрчилгээтэй холбоотой дуулианы улмаас огцрох хүсэлтээ гаргажээ
Улс төр
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна