Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын мэдээллийн Киодо агентлагаас мэндчилгээ ирүүллээ.
Киодо мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Тошимицү Савайгаас ирүүлсэн тус мэндчилгээнд:
Киодо агентлагийн нэрийн өмнөөс Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойг тохиолдуулан тус агентлагийн ерөнхий захирал болон нийт хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе!
МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсын тухай олон талт мэдээ, мэдээллийг олон хэлээр түгээн хүргэж, Монгол оронд өрнөж буй үйл явдлын талаар дэлхий нийтийг мэдээллээр хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Түүнчлэн МОНЦАМЭ агентлагаас япон хэлээр эрхлэн гаргадаг долоо хоног тутмын “Монгол Цүүшин” сонин нь Монгол Улсад оршин суугаа япон иргэд болон Монгол орныг сонирхдог Японы иргэдийн хувьд мэдээллийн чухал эх сурвалж болдог.
Киодо, МОНЦАМЭ агентлагууд англи хэлээрх мэдээ, гэрэл зургийг харилцан солилцох тухай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд олон жилийн турш нягт харилцаатай ажиллаж ирсэн. Уг санамж бичгийг 2024 онд шинэчлэн байгуулахдаа хоёр агентлагийн ажилтнууд харилцан айлчилж, туршлага солилцох тухай шинэ заалтыг тусгасан юм. Өнгөрсөн онд МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид Токио хот дахь Киодо агентлагийн төв байранд зочилсон бол энэ онд Киодо агентлагийн төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо урьж, хүлээн авсан билээ.
Япончуудын хувьд Монгол Улс нь сүмо бөхийн олон ёкозүна буюу их аваргыг төрүүлсэн орон гэдгээрээ алдартай. Манай хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг олон салбарт жилээс жилд улам бэхжин хөгжсөөр байна.
Хэдэн жилийн өмнө Японы үзэгчдийн дунд ихээхэн алдартай болсон телевизийн олон ангит киноны зургийг Монгол Улсад авсан юм. Энэхүү бүтээлээр дамжуулан Японы олон үзэгч Монголын зах хязгааргүй говь нутаг, уудам тал хээр, цэлмэг хөх тэнгэрийн үзэсгэлэнг биширсэн билээ.
Киодо болон МОНЦАМЭ агентлагууд үнэн зөв, бодитой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх эрхэм үүргээ цаашид ч тууштай биелүүлж, Япон, Монголын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэлтэй байна.
Ялангуяа энэ зун Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах үеэр МОНЦАМЭ агентлагийн хамт олон тун завгүй ажилласан нь дамжиггүй.
Эцэст нь МОНЦАМЭ агентлагийн нийт хамт олонд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, танай агентлагийн цаашдын үйл ажиллагаа улам өргөжин хөгжиж, өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.
МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье! гэжээ.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Улс төр
COP31-ийн хүрээнд болж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад сайд Б.Батцэцэг оролцож байна