Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /NHK/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ8 Вьетнамын удирдагч То Лам нар аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцжээ.
Даваа гарагт Токио хотноо болсон уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Т.Санаэ, Вьетнамын Ерөнхийлөгч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж буй То Лам нар хууль дээдлэх зарчимд тулгуурласан, эрх чөлөөтэй, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалах, бэхжүүлэх зорилгоор аюулгүй байдлын салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Хоёр удирдагч мөн Япон улс энхийг сахиулах ажиллагаанд зориулсан тоног төхөөрөмжийг Вьетнамд нийлүүлэх төлөвлөгөөгөө аль болох ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхээр болсныг бататгажээ. Түүнчлэн чухал ашигт малтмалын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцсон байна.
Т.Санаэ хэлэлцээний үеэр Умард Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөр болон тус улсын иргэдийг хулгайлсан асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн гэдгээ мэдэгджээ. Мөн дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэл хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт найдаж буйгаа, мөн Вьетнамтай харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
То Лам Т.Санаэтэй уулзахын өмнө Японы парламентын өмнө үг хэлэхдээ, тус улс нь Вьетнамд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг хамгийн том түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд анх удаа 50 тэрбум ам.доллароос давсныг онцолжээ.
Тэрбээр мэдэгдэхдээ, 2045 он гэхэд өндөр орлоготой, өндөр хөгжилтэй улс болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Вьетнам улс Японтой хамтран хөгжлийн шинэ замыг нээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн шинжлэх ухаан, технологи, инновац, цахим шилжилт нь Вьетнамын хөгжлийн дараагийн үе шатны гол хүчин зүйл болохыг тэмдэглээд, Японыг нэн чухал түнш хэмээн тодорхойлжээ.