Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТОКИО, 2026 оны аравдугаар сарын 27 /NHK/. Япон улсын Ерөнхий сайд асан Фүкүда Ясүо энэ сарын 22-ны өдөр Токио хотын эмнэлэгт зүрхний дутагдлын улмаас 90 насандаа таалал төгссөн тухай эрх баригч Либерал ардчилсан нам мэдэгдлээ.
Фүкүда 1936 онд Токио хотод төржээ. Газрын тосны нэгэн компанид ажиллаж байсан тэрбээр Либерал ардчилсан намаас парламентын доод танхимд сонгогдсон өөрийн эцэг болох Такэогийн нарийн бичгийн даргаар ажиллах болжээ. Эцэг нь Ерөнхий сайдаар томилогдсоны дараа Фүкүда түүний гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх болов. Такэо огцорсны дараа Фүкүда 1990 онд парламентын доод танхимын сонгуульд ялсан бөгөөд долоон удаа дараалан сонгогджээ.
Тэрбээр Ерөнхий сайд Мори Ёширо, Коизүми Жюнитиро нарын танхимын Нарийн бичгийн дарга нарын газрыг удирдаж байв. ЛАН 2007 оны долоодугаар сард парламентын дээд танхимын сонгуульд ялагдсаны дараа Фүкүда тус намын даргын сонгуульд ялсан байна.
Тэрбээр эцгийнхээ нэгэн адил 71 насандаа ерөнхий сайдаар томилогджээ. Энэ бол Японы Үндсэн хуулийн засаглалын түүхэнд эцэг хүү хоёр ерөнхий сайдаар томилогдсон анхны тохиолдол юм.
Фүкүда Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа Япон-Хятадын харилцааг сайжруулах тал дээр шаргуу ажиллаж, БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн үед харилцан айлчлалуудыг зохион байгуулж байлаа. Энэ үед Дорнод Хятадын тэнгист байгалийн хийг хамтран ашиглах талаар хоёр тал тохиролцоонд хүрч байв.
Тэрбээр 2008 оны 7 дугаар сард Хоккайдо аралд болсон “Их8”-ын дээд хэмжээний уулзалтыг даргалсныхаа дараа есдүгээр сард Ерөнхий сайдаас огцорчээ. Улмаар 2012 онд парламентын доод танхимын сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзсанаар улс төрөөс холдсон байна. Гэсэн хэдий ч Хятадтай тогтоосон харилцааг бэхжүүлэхийн төлөө ажилласаар байв.
Фүкүда таалал төгссөнтэй холбогдуулан даваа гарагт Ерөнхий сайд Такаичи Санаэ эмгэнэл илэрхийлээд “тэрбээр арвин их туршлага, гайхалтай гярхай ухаанаараа маш хүнд хэцүү сорилтуудыг даван туулахын төлөө цуцалтгүй ажиллаж ирснийг” онцлон тэмдэглэлээ.