Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал ботийг олон улсын шинжээчдээр зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 9-10-нд болно.
Хоёр өдөр үргэлжлэх уулзалтаар энэхүү цуврал ботийн үзэл баримтлал, хамрах хүрээ, бүтэц, агуулга, судалгааны арга зүйг хэлэлцэх бөгөөд хоёр дахь өдөр “Төв болон Дотоод” сэдэвт эхний ботийн талаар санал солилцох юм.
Энэхүү санаачилга нь нүүдлийн соёл иргэншлийн түүхийг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болгон судлах, Монгол Улсын түүх, соёлын өвийг олон улсад таниулах, хүн төрөлхтний нийтлэг өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах юм.
Тус уулзалт нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буйгаараа онцгой бэлгэдэлтэй ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжүүлж буй “Монгол түүх судлалыг дэмжих тухай” бодлогын зорилттой нягт уялдаж буй.
Уулзалтыг Засгийн газар, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулна.