Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Залуучуудын парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
УИХ-ын даргын ивээл дор хэрэгжүүлэх тус хөтөлбөрийг зохион байгуулагч, хамтран ажиллагч талуудын уулзалтыг энэ сарын 11-нд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан удирдан явууллаа. Өнгөрөгч 10 дугаар сард болсон Олон улсын парламентын холбооны 153 дугаар Ассамблейн парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдааны үеэр Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимаас хэрэгжүүлсэн “Үндэсний залуучуудын парламент” хөтөлбөрийн туршлагыг судалсан талаар тэрбээр танилцуулж, бидний хэрэгжүүлэх хөтөлбөр дараагийн шинэ жишиг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж буй Парламентын боловсрол хөтөлбөртэй уялдуулж, оролцоонд суурилан, төлөөллийн зарчмыг хангаж, үр дүнд чиглүүлэн явуулахаар төлөвлөж буй юм. Хөтөлбөрт оролцогчид хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх, санал хураах зэрэг үйл явцыг өөрсдөө бие даан хэрэгжүүлж, туршиж үзэх юм.
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын холбогдох нэгжүүдийн төлөөлөл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга, үе шат, агуулга, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо. Хөтөлбөрийн сэдэв, агуулгыг оролцогчдын саналд тулгуурлан төлөвлөх, сонгон шалгаруулалтыг хийхдээ олон нийт, үе тэнгийн залуучуудын төлөөллийг хангах, мөн жендэрийн тэгш байдал, улс төрийн намын харьяаллыг оновчтой бүрдүүлэх, ахмад болон залуу үеийнхны залгамж холбоог бэхжүүлэх, онцлог, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг бүтээлч саналыг УИХ-ын даргын зөвлөх Я.Энхбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Амарбал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн менежер Э.Эрдэнэчимэг, “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын тэргүүн Т.Амарзаяа, судлаач Т.Баярмаа нар дэвшүүлсэн юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтэн Э.Хулан хөтөлбөрийг үр дүнд чиглүүлэх үүднээс шинээр боловсруулж буй Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төслийг залуу парламентчдаар хэлэлцүүлж, шинэ концепц гаргаж болох юм гэсэн санал хэлж байлаа.
Залуучуудад парламент ёс, ардчилал, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанар, зарчим, ёс журмыг таниулж, тэдний иргэний ухамсар, улс төрийн соёл, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь богино хугацааны төсөл бус, улс орны хөгжлийг дэмжих тогтвортой оролцооны механизм, институцын өв болж төлөвших учиртайг Ерөнхий нарийн бичгийн дарга онцгойлж, үр дүнтэй, нягт хамтран ажиллахыг зөвлөлөө гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.