Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хяналтыг эрчимжүүлэх зорилгоор Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд мотоцикл, компьютер болон бусад тоног төхөөрөмж олголоо.
Энэ талаар Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Балхярваа болон байгаль хамгаалагчдаас тодрууллаа.

-Байгаль хамгаалагчдын хээрийн ажилд техник, тоног төхөөрөмжийн хангалт ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 зохион байгуулсан. Тус хурлаар цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулах, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль хамгаалагчдын хээрийн ажилд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж байна. Манай хамгаалалтын захиргаанд туулах чадвар сайтай, хамгаалалтын зориулалтын тоноглол бүхий есөн мотоцикл олгосон бөгөөд байгаль хамгаалагчид үүнийг хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүл, хяналт шалгалт хийх, биологийн олон янз байдлын судалгаа, мониторинг явуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ашиглана.
-Шинэ мотоциклтой болсноор байгаль хамгаалагчдын ажилд ямар өөрчлөлт гарах вэ?
-Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нь уулархаг, бартаа ихтэй, өргөн уудам нутаг дэвсгэрийг хамардаг. Ийм нөхцөлд байгаль хамгаалагчид хариуцсан газартаа тогтмол эргүүл хийх, зөрчил илрүүлэх, судалгаа мониторинг явуулахад тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай.
Өмнө нь техник хэрэгслийн хүрэлцээ хязгаарлагдмал байсан нь алслагдсан хэсэгт хяналт хамгаалалтын ажлыг шуурхай зохион байгуулахад хүндрэл учруулдаг байлаа.
Шинэ мотоциклтой болсноор 14 байгаль хамгаалагч хариуцсан нутаг дэвсгэрийнхээ алслагдсан хэсэгт хүрч ажиллах, эргүүл хяналтыг тогтмол хийх боломж нэмэгдэж байна.
Байгаль хамгаалагчийн үндсэн ажил нь зөвхөн зөрчил шалгах бус, тухайн нутаг дэвсгэрийн амьтан, ургамал, биологийн олон янз байдлыг хамгаалах, судалгаа мониторинг хийх, байгалийн нөөцийн зохистой ашиглалтад хяналт тавих зэрэг өргөн хүрээг хамардаг.
Иймээс туулах чадвар сайтай мотоцикл нь байгаль хамгаалагчдын хээрийн ажилд зайлшгүй шаардлагатай хэрэгслийн нэг юм. Шинэ мотоциклтэй болсноор эргүүл, хяналт шалгалтыг тогтмолжуулахын зэрэгцээ судалгаа, мониторинг хийх, мэдээлэл цуглуулахад илүү дөхөм болж байна. Мөн компьютер болон бусад тоног төхөөрөмжөөр хангаснаар хээрийн ажлаар цуглуулсан мэдээллийг боловсруулах, бүртгэл хөтлөх, тайлан мэдээ бэлтгэх ажлыг цаг алдалгүй хийх боломж бүрдэж байна.
П.Рэнсмаа: Ачаалал ихтэй бүсэд хяналт тогтмол хийх боломж бүрдлээ

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны
Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газрын хэсгийн байгаль хамгаалагч П.Рэнсмаа:
-Би байгаль хамгаалагчаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Манай хариуцсан хэсэгт аялагч, жуулчдын хөдөлгөөн их байдаг учраас байгаль хамгаалал, хяналт шалгалтыг тогтмол хийх шаардлагатай байдаг.
Улаагчны хар нуур нь Завхан аймагт ирсэн аялагч, жуулчдын түлхүү зорьдог газрын нэг. Тухайлбал, 2024 онд тус нуурыг 31 мянга гаруй дотоод, гадаадын жуулчин зорьсон бөгөөд тухайн онд Завхан аймагт аялсан жуулчдын 70 гаруй хувь нь Улаагчны хар нуурыг зорьсон гэсэн мэдээлэл бий.
Аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тусгай хамгаалалттай газрын дэглэм, журмыг мөрдүүлэхээс гадна хог хаягдал, байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналтыг тогтмол хийх шаардлагатай болдог.
Шинэ мотоциклтэй болсноор хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүл, хяналт шалгалтыг тогтмол хийж, алслагдсан хэсэгт шуурхай хүрч ажиллах боломжтой болж байна. Энэ нь бидний өдөр тутмын хээрийн ажилд бодит дэмжлэг болж байна.
И.Энх-Оргил: Бартаа ихтэй газарт ажиллах боломж сайжирлаа

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны
Тарвагатайн нурууны Ногоон нуурын хэсгийн байгаль хамгаалагч, улсын байцаагч И.Энх-Оргил:
-Би байгаль орчны салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай хариуцсан хэсэг бартаа саад ихтэй, уулархаг нутагтай учраас эргүүл, хяналт шалгалт хийх, судалгаа, мониторинг явуулахад тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардлагатай байдаг.
Өмнө нь зарим хэсэгт мотоцикл, морь хослуулан явж, хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт тавьж ажилладаг байсан. Харин шинэ мотоциклтой болсноор алслагдсан хэсэгт хүрч ажиллах, эргүүлээ тогтмол хийх, нэг удаагийн явалтаар илүү өргөн талбайг хамруулах боломжтой болж байна.
Байгаль хамгаалагчийн ажил зөвхөн зөрчил шалгахаар хязгаарлагддаггүй. Амьтан, ургамлын нөөцийн ажиглалт хийх, судалгаа, мониторинг явуулах, байгалийн нөөцийг хамгаалах, аялагчдад тусгай хамгаалалттай газрын дэглэм, журмыг таниулах зэрэг олон талын ажил хийдэг. Тиймээс хээрийн хөдөлгөөнийг хөнгөвчилж, алслагдсан хэсэгт хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэх техник хэрэгсэл нь бидний ажлыг илүү шуурхай, үр дүнтэй хийхэд чухал ач холбогдолтой.
Б.Налжирмаа: Мотоцикл бол бидний ажлын үндсэн хэрэгсэл

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны
Даян хэсгийн байгаль хамгаалагч, улсын байцаагч Б.Налжирмаа:
-Би байгаль хамгаалагчаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Хээрийн нөхцөлд олон жил ажилласан хүний хувьд туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл бидний ажилд ямар хэрэгтэйг сайн мэднэ. Шинэ мотоциклтэй болсноор хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүл, хяналт шалгалт хийх, судалгаа, мониторинг явуулахад цаг хугацаа хэмнэж, илүү олон хэсэгт хүрч ажиллах боломжтой болж байна.
Байгаль хамгааллын ажилд зөрчил гарсны дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нь чухал. Үүний тулд байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэртээ тогтмол ажиллаж, байгаль орчны өөрчлөлт, зөрчлийг тухай бүрд нь илрүүлж байх шаардлагатай. Тиймээс мотоцикл нь бидний хувьд зүгээр нэг унаа биш, хээрийн ажлыг шуурхай, тасралтгүй явуулахад шаардлагатай үндсэн хэрэгслийн нэг юм. Шинэ мотоциклтой болсноор судалгаа, мониторинг хийх, мэдээлэл цуглуулах зэрэг ажлаа илүү шуурхай гүйцэтгэж, хариуцсан нутаг дэвсгэрээ тогтмол хянах боломж нэмэгдэж байна.

Байгаль хамгаалагчдын хөдөлгөөн, эргүүл хяналт, судалгаа мониторингийн чадавхыг нэмэгдүүлэх нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үр дүнг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой