Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Цасан бүрхүүлд хучигдсан элсэн манхан, мөсөн хүрхрээ, мөнх цаст уулс, гацууран шугуй, зэрлэг тахийн бэлчээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоц нь Завхан аймгийн өвлийн аяллын онцлогийг бүрдүүлдэг.
Зуны улиралд жуулчдын зорин очдог байгалийн үзэсгэлэнт газрууд өвөл өөр өнгө төрхөөр хувирч, байгаль, гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг татдаг талаар Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос мэдээллээ.
Хангайн нуруу, Их нууруудын хотгорын заагт оршдог Завхан аймаг нь уул, ой, гол мөрөн, нуур, элсэн манхан, тал хээр хосолсон байгалийн олон янзын тогтоцтой.
Тус аймаг аялал жуулчлалыг дөрвөн улиралд хөгжүүлэх хүрээнд байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн өвлийн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Өвлийн улиралд Завхан аймагт зорин очиж үзэх байгалийн онцлог бүхий зургаан газрыг онцолж байна.

Улаагчны хар нуур-Цасан манхан, мөсөн нуурын хослол
Эрдэнэхайрхан сумын нутагт оршдог Улаагчны хар нуур нь элсэн манхан, уулсаар хүрээлэгдсэн цэнгэг уст нуур юм. Аймгийн төвөөс 110 орчим километр зайд оршдог тус нуур 30 орчим километр урт, 5-10 километр өргөн, хамгийн гүн хэсэгтээ 48 метр хүрдэг.
Өвөл нуурын ус хөлдөж, эргэн тойрны элсэн манхан цасан бүрхүүлээр хучигдана. Шаргал элс, цагаан цас, мөсөн нуурын өнгөний ялгарал нь гэрэл зураг сонирхогчдын хувьд өвөрмөц байгалийн дүр зургийг бий болгодог. Нуур нь загасны нөөц, байгалийн экосистемийн хувьд ч үнэ цэнтэй.

Мухартын гол, Бор хярын элс-Элсэн манхны дундах ундарга
Эрдэнэхайрхан сумын Бор хярын элсэн манхны дундаас эх аван урсдаг Мухартын гол нь Монгол орны байгалийн ховор тогтцын нэг юм. Өндөр элсэн манхны бэлээс ундарсан тунгалаг ус бургасан шугуйн дундуур урсах нь энэ газрын гол онцлог.
Өвлийн улиралд элсэн манхан цасаар хучигдаж, голын эх орчмын ургамал цантаж, байгалийн төрх нь эрс өөрчлөгдөнө. Мухартын гол нь Завхан аймгийн аялал жуулчлалын гол татах цэгүүдийн нэг бөгөөд жил бүр олон мянган аялагч зорин очдог. Тухайлбал, 2025 онд тус газарт 12 мянга гаруй аялагч зочилсон байна.

Богдын голын хүрхрээ-Өвлийн мөсөн тогтоц
Улиастай хотын орчимд оршдог Богдын голын хүрхрээ нь өвлийн улиралд ус нь хөлдөж, мөсөн хөшиг, мөсөн тогтоц үүсгэдгээрээ онцлог. Хад асга, голын эрэг дагуух мод бут цантаж, хүрхрээний орчин өвлийн байгалийн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлдэг.
Аймгийн төвөөс хол зорих шаардлагагүй энэ байршил нь богино хугацааны аялал, байгалийн гэрэл зураг сонирхогчдод тохиромжтой. Гэхдээ мөсөн гадаргуу хальтиргаа ихтэй тул аюулгүй байдлыг хангаж зорчих шаардлагатай.

Отгонтэнгэр хайрхан, Бадархундага нуур-Хангайн сүрлэг оргил
Далайн түвшнээс дээш 4021 метр өргөгдсөн Отгонтэнгэр хайрхан нь Хангайн нурууны ноён оргил бөгөөд Монгол Улсын төрийн тахилгат уул юм. Монголчууд эртнээс Очирваань хайрхан хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн энэхүү уулын мөнх цаст оргил өвлийн улиралд улам сүрлэг харагдана.
Хайрхны орчимд оршдог Бадархундага нуур нь мөстлөгийн гаралтай, уулын өндөрлөг бүсийн байгалийн өвөрмөц тогтцын нэг юм. Отгонтэнгэрийн дархан цаазат газар 192,748 га талбайг хамардаг бөгөөд уулын экосистем, ховор амьтан, ургамлыг хамгаалах онцгой ач холбогдолтой газар.
Өвлийн улиралд цаг агаар эрс тэс, цасан шуурганы эрсдэлтэй тул хайрхны орчимд аялахдаа хамгаалалтын захиргааны зөвлөмж, маршрутын мэдээллийг урьдчилан авах нь чухал.

Тэсийн гол, Нисэхийн шугуй-Гацууран ойн өвлийн үзэсгэлэн
Завхан аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг болох Тэсийн гол, Нисэхийн шугуй нь голын хөндийн өвөрмөц тогтоц, гацууран ой, модлог ургамлын бүлгэмдлээрээ онцлог.
Өвлийн улиралд голын хөндий цасан бүрхүүлээр хучигдаж, гацууран шугуй цан хүүрэгт дарагдана. Мөнх ногоон шилмүүс, цагаан цасны өнгө хосолсон энэ байгалийн төрх нь Завханы өвлийн аяллын өөр нэгэн онцлогийг илэрхийлдэг. Тус бүсийн гацууран ойн экологийн онцлог, хамгааллын асуудал нь судалгааны чухал сэдэв хэвээр байгаа.

Хомын тал-Дэлхийд ховор тахийн өлгий нутаг
Дөрвөлжин сумын нутагт оршдог Хомын тал нь дэлхийд ховордсон зэрлэг адуу тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулж буй Монгол орны байгаль хамгааллын чухал бүс юм. Тус газарт 2004 оноос тахийг сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд 160 гаруй тахь байгальдаа нутагшиж байна.
Хомын тал нь цөлөрхөг болон хуурай хээр, элсэн манхан, нуур, голын хөндий, ус намгархаг газар зэрэг олон янзын экосистемийг нэг дор агуулдгаараа онцлог. Өвлийн улиралд уудам хээр тал цасан бүрхүүлээр хучигдаж, байгалийнхаа орчинд сүрэглэн бэлчих тахийг ажиглах боломж нь энэ нутгийн аялал жуулчлалын онцгой үнэ цэн юм.
Хомын талын байгалийн цогцолборт газар 2025 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн нь тус нутгийн байгаль хамгааллын олон улсын ач холбогдлыг нэмэгдүүлсэн үйл явдал болсон юм.

Өвлийн аялалд бэлтгэл чухал
Завханы байгалийн үзэсгэлэнт газруудын ихэнх нь хоорондоо алслагдсан, өвлийн улиралд зам, давааны нөхцөл хүндрэх эрсдэлтэй. Иймээс аялагчид өвлийн дугуйтай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, туулах чадвар сайтай авто машинаар зорчихоос гадна дугуйн гинж, чирэх хэрэгсэл, нэмэлт шатахуун, дулаан хувцас, анхны тусламжийн хэрэгсэл бэлтгэх шаардлагатай.
Мөн алслагдсан бүсэд холбоо тасалдах магадлалтай тул аяллын маршрут, хугацаагаа урьдчилан мэдэгдэж, цаг агаарын мэдээ болон замын нөхцөл байдлыг тогтмол шалгах нь зүйтэй. Хөлдсөн нуур, голын мөсний даац баталгаагүй үед мөсөн дээр гарахгүй байх, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг мөрдөх, байгальд хог хаягдал үлдээхгүй байхыг Аялал жуулчлалын холбооноос анхааруулж байна.