Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэнээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын тавцанд бататгаж, дэлхийн улс орнуудтай олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломж нээсэн юм.
Энэхүү түүхэн үйл явцад Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилов хутагт Башлуугийн Жамсранжав дипломат хүчин чармайлтаараа хувь нэмэр оруулжээ. Эх орноосоо алсад амьдарч байсан ч Монгол Улсын тусгаар тогтнол, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үйл хэрэгт хүчин зүтгэсэн Дилов хутагт 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотноо таалал төгсжээ.
Түүний түүхэн гавьяа, амьдралын замналыг хойч үедээ таниулах, өвлүүлэн уламжлуулах ажлыг Завхан аймгийн музей, соёл урлагийн байгууллагууд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Завхан аймгийн музейн Хутагтуудын танхимыг 2016 онд төрөлжүүлэн нээж, 2017 оноос Дилов хутагт Б.Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистад их шүтээнийг залжээ. Тус танхимаар дамжуулан хутагтуудын түүх, шашин, соёлын өвийг олон нийтэд таниулж байна.

Мөн Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулан 2024 онд түүний төрсөн нутаг, Түдэвтэй сумын Соёлын төвөөс түүний амьдралыг өгүүлсэн түүхэн дуулалт жүжиг бүтээж, Завхан аймгийн 24 сум болон Орхон, Дархан-Уул аймгийн иргэдэд толилуулжээ. Харин 2025 онд Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид түүний амьдрал, үзэл санаа, эх оронч үйл хэргийг өгүүлсэн “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тайзнаа толилуулсан байна. Эдгээр бүтээл нь нутгийн түүхэн хүний өв, эх оронч үйл хэргийг урлаг, соёлоор дамжуулан залуу хойч үед таниулахад чиглэжээ.
Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд анхны цэргийн багаа 2005 онд Сьерра Леонд үүрэг гүйцэтгүүлжээ. Үүнээс хойш Монголын цэргийн алба хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих ажиллагаанд тогтмол оролцож ирсэн байна.
Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас 2007 оноос хойш НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд нийт 450 гаруй цэргийн алба хаагч, дайчин үүрэг гүйцэтгээд байна. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн тус ангийн нийт бүрэлдэхүүний 20 гаруй хувийг эмэгтэй алба хаагчид эзэлдэг.

Мөн орон нутгаас цэнхэр дуулгатнуудынхаа гавьяа зүтгэлийг алдаршуулах, цэргийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилгоор үзүүлэх тоглолт, хүндэтгэлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг талаар Завхан аймгийн Цэргийн штабаас мэдээллээ.
Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явдлын 65 жилийн ой нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын тавцанд бататгасан түүхээ эргэн санахын зэрэгцээ эх орныхоо нэр хүндийг дэлхийд өргөж буй үе үеийн дипломатч, энхийг сахиулагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх боломж юм.