Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw
migaa0033@gmail.com

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Завхан аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг, Ховд аймгийн хойд хэсгээр, 12-ноос 13-нд шилжих шөнө Увс, Завхан аймгийн нутгаар, 13-ны өдөр Архангай аймгийн нутаг, Хөвсгөл, Булган аймгийн өмнөд хэсэг болон Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний цас орно.
Түүнчлэн 12-ны өдөр Завхан аймгийн баруун сумдаар, 12-13-нд шилжих шөнө аймгийн ихэнх нутгаар, 13-14-нд шилжих шөнө мөн Завхан аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэйг анхааруулж байна. Иймд иргэд цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, замд гарахаас өмнө цаг агаар, замын нөхцөл байдлыг шалгах, цасан шуурганы үеэр шаардлагагүй бол зорчихгүй байхыг зөвлөж байна.
Зайлшгүй тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг шалгаж, дулаан хувцас, хүнсээ бэлтгэхийн зэрэгцээ хурдыг замын нөхцөлд тохируулан, хоорондын зайг баримталж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм.
Мөн цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, төөрөх, осол аваарт өртөх эрсдэлтэй тул бага насны хүүхэд, өндөр настан болон мал сүргээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.
Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг урьдчилан бэлтгэн, мал сүргээ цас, шуурганы эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.