Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Политехник коллеж Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар суралцагчид эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр бакалаврын түвшинд үргэлжлүүлэн суралцах боломж нэмэгдлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийг дээд боловсролын хөтөлбөртэй уялдуулах, өмнө эзэмшсэн мэдлэг, ур чадвар болон багц цагийг дүйцүүлэн тооцох, багш нарын мэргэжлийн ур чадвар, сургалтын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
ХААИС шатлан сургах тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 2026 оны аравдугаар сарын 14-нд 21 политехникийн коллежийн 60 гаруй удирдлага, багшийн төлөөллийг оролцуулсан форум зохион байгуулж, 12 коллежтой хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Үүний үргэлжлэл болгон арваннэгдүгээр сарын 5-нд Завхан, Баянхонгор, Увс, Өвөрхангай, Орхон аймаг болон Налайх дүүргийн политехникийн коллежууд хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Манай сургууль энэ жил барилгын засал чимэглэлчин, сантехникч, цахилгаанчин, автомашины засварчин, гагнуурчин, мужаан, хүнд машин механизмын оператор, үсчин, тогооч зэрэг 16 мэргэжлээр 620 гаруй суралцагч бэлтгэж байна.
Суралцагчид сонгосон мэргэжил, боловсролын түвшнээс хамааран 1–3 жилийн хугацаанд суралцдаг бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчид цаашид дээд боловсролоо шатлан ахиулах боломжийг өгч байгаагаараа хамтын ажиллагаа онцлогтой талаар Завхан аймаг дахь Политехник коллежоос мэдээллээ.
